Азийн шилдэг make up артист, “Anara`s make up” салоны артист О.Наранбилэгтэй ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Отгонбаатарын Наранбилэг гэдэг. Сошиалд бол Анара гэдэг нэрээр яваад байдаг юм. Студийн маань нэр нь “Anara`s make up”. Манай хүүхдийг Анар гэдэг л дээ. Анар, Нара гэдэг хоёр нэрийг нийлүүлээд студиэ нэрлэсэн учиртай.
-Мake up-ийг олны танил, мисс, загвар өмсөгчдөд хамааралтай мэтээр ойлгох нь бий. Манайхан Мартын найман, шинэ жилийн үеэр л make up хийлгэдэг байх. “Энгийн үед надад тэр make up нь ямар хамаа байна. Одод нь будуулдаг юм байгаа биз” гэцгээдэг?
-Бүхий л эмэгтэйчүүдэд, зарим тохиолдолд бүр эрчүүдэд ч хэрэгтэй зүйл шүү дээ уг нь. Ер нь бол жүжигчин, урлагийнхан, олны танил хүмүүст зайлшгүй хэрэгцээтэй боловч бусад энгийн хүмүүст мөн л хэрэгтэй. Нүүр будалт нь гадны таагүй нөлөөнөөс нүүрний арьсыг хамгаалдаг. Бид хувцас өмсч гадуур явдаг шиг, нүүр будалт нь хувцасны үүрэг гүйцэтгэдэг. Хоёрдугаарт, нүүр будалт нь гадаад дүр төрхийг тодорхойлж байдаг. Заавал мэргэжлийн, хүнд будалт хийх албагүй ч гэсэн өөрийнхөө дүр төрхийг тодотгосон будалт эмэгтэй хүн болгонд зайлшгүй хэрэгтэй болчихоод байна. Нүүр будалт сүүлийн хэдэн жилд сайн хөгжиж байна. Анх өнгө нь тохироогүй крем түрхэх, эсвэл заавал будах ёстой гэж үзээд кремдээд хөмсгөө ч будчих жишээтэй. Ер нь бүгдийг нь будах ёстой гэдэг хандлага байсан бол одоо хуриманд очихдоо нэг дүр төрх үүсгэнэ. Болзоонд очихдоо ялдам энхрий, залуухан харагдуулах будалт хийлгэнэ. Шинэ жилийн баярт өөрийгөө тодотгох гээд үйл явцдаа тохирсон будалт хийлгэдэг болсон. Бид ийш тийш явахдаа хувцасаа тохируулдаг шиг нүүр будалтаар өөрсдийнхөө дүр төрхийг тодотгож байдаг. Бас будалт хийхдээ өөрийнхөө давуу талыг тодотгох ёстой. Ихэнх эмэгтэйчүүд сул талаа далдлах гэж нүүрээ буддаг. Уул нь бол эмэгтэй хүнд сул тал гэж байхгүй. Бусдаас онцгой, давтагдашгүй, зөвхөн тэр хүнд л байгаа зүйл хамгаас үнэтэй. Тэгэхээр тэрийгээ, давуу талаа тодотгох хэрэгтэй. Гоё нүдтэй бол нүдэндээ анхаарал хандуулна. Гоё арьстай бол заавал зузаан биш нимгэхэн fresh будаж болно.
-Гудамжаар, олон нийтийн газарт явж байхад мэргэжлийн хүний нүдээр харахад охид, бүсгүйчүүд юун дээр алдаад байна вэ. Хамраа өндөрлөх гээд бор халзан болчихсон, хацраа өнгөлөх гээд элдэв өнгө нялчихсан, хөмсөгнийхөө доогуур цагаанаар будчихсан охид, хүүхнүүд явж байгаа харагддаг?
-Харьцангуй сайн буддаг болчихсон. Гэхдээ хэт мэргэжлийн будалтыг өдөр тутамдаа хийгээд байна. Нарийн учраа мэдэхгүй байна л даа. Гэхдээ тэр эмэгтэйчүүдийг буруутгаж байгаа юм биш. Мэдээлэл дутмаг байна. Цаагуураа бол бид л ажлаа дутуу хийснээс тэр хүмүүс алдаа гаргаад байна гэж боддог. Эмэгтэйчүүдийн нүүр будалтын талаар мэдээлэл авч байгаа, сурч байгаа, үлгэр жишээ авч байгаа юмнууд нь дандаа гадных байна. Европ хүний гавлын ясны бүтэц, нүүрний хэлбэр ондоо шүү дээ. Ази хүмүүс арай өөр. Европчууд жижигхэн нүүртэй, нүд хөмсөг нь ойрхон байдаг болохоор нүдийг нь тодотгох гэж хөмсөгнийх нь доогуур цайвар өнгө өгдөг. Нүд, хөмсөг нь зайтай хүмүүс хөмсөгнийхөө доогуур цайвар өнгө өгөхөөр хөмсөгний яс нь улам товойдог.
Хамар өндөрлөхийн хувьд хүний нүүр хавтгай биш. Бүгд өөр өөрийн гэсэн онцлог, хэлбэртэй. Тэрийг нэг өнгөөр будчихаар, крем тавьчихаар хавтгай царайтай болчихдог. Тийм учраас гэрэл, сүүдэр гэдэг юмыг өгөх ёстой. Гэтэл бүх эмэгтэйчүүд Холливудын жүжигчин Ким Кардашянтай адилхан нүүрний хэлбэртэй биш шүү дээ. Тэр хүний нүүр будалтыг дуурайж гэрэл, сүүдэр тавиад байна уу даа гэж харагддаг. Тэгэхээр хамартаа заавал сүүдэр тавих ёстой юу. Зөвхөн гэрэл тавиад орхичихож болно. Мэргэжлийн make up артистууд олон талын мэдлэгтэй байх ёстой. Хүний анатомын яс өөрийн гэсэн бүтэцтэй. Тэр бүтцийг мэддэг байх хэрэгтэй. Өнгөний тухай ойлголттой байвал сайн. Бор арьстай хүн байлаа гэхэд бор өнгө нь дотроо олон янзтай. Олив буюу ногоовтор туяатай, шар туяатай, ягаавтар туяатай гээд олон янз. Яг тохирсон өнгөө олж чадаагүйгээс нүүр, хүзүүний арьс нь ялгарчихсан байх жишээтэй. Эмэгтэйчүүддээ хэд хэдэн зөвлөгөө өгье. Шууд автоматаар битгий дуурайгаач ээ. Бас эмэгтэйчүүд крем, тень, гэрэл, сүүдэр, нүүрний шугам гээд бүгдийг мэддэг болсон. Тэгсэн мөртлөө өөрсдийгөө мэддэггүй. Мэргэжлийн хүмүүс үүн дээр л жаахан ажиллах ёстой юм болов уу гэж боддог л доо. Миний арьс тослог уу. Би юу идэж уухаар арьс минь илүү их тослогтож байна вэ, нүүрээ будсанаас хэдэн цагийн дараа гялайдаг билээ, хамрын хэлбэр минь ямар вэ, миний гоё, сайхан хэсэг аль вэ гэдгээ мэдэхгүйгээр хөндлөнгийн, бусдын гоё гээд байгаа зүйлүүдийг дуурайгаад байдаг. Гэтэл надад өөрийн гэсэн үзэсгэлэн байна. Танд ч гэсэн өөрийн гэсэн онцгой зүйл байгаа шүү дээ. Тэрийгээ мэдэхгүйгээр автоматаар юмыг дуурайна гэдэг алдаа юм болов уу.
-Мэргэжлийн артистаар нэг удаа нүүрээ будуулаад зөвлөгөө авчихсан байхад цаашид өөрийгөө зөв будаад явчих боломжтой юу?
-Хүн хүнээсээ хамаардаг. Будаж байхад хараад тогтоогоод хэрэгжүүлээд явчихдаг хүмүүс байхад тайлбарлаад, өөрийнх нь зурган дээр зааж өгөөд байхад эвлэдэггүй хүн ч бий л дээ. Будалтыг нь хийж байхдаа бүхий л мэдээллийг нь өгчихдөг юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу