Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувдаас олны анхаарлыг татсан хэргүүдийн талаар тодрууллаа.


-Таван толгой нүүрсний ордын хэрэг ямар шатандаа явж байна вэ?

-Өмнөх УИХ-ын үед Тавантолгойн нүүрсний ордын хөрөнгө оруулалтыг УИХ-аар батлуулах гэж байсан ажиллагаанд Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой баримтуудыг гаргаж, шалгуулахаар хүсэлт тавьсны дагуу НПГ-аас хяналт тавин ажиллаж байна. Уг хэрэгт 2002 оны хуучин хуульд зааснаар эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл анги буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн зүйл ангиар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. Энэ асуудлыг дээрх хэрэгтэй хамтатган шалгах асуудлыг АТГ-т шилжүүлээд байгаа. Уг хэрэгт өнгөрсөн хоёрдугаар сарын 22-ны өдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудаж, мэдүүлэг авсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

-Уран зураг хураасан гэдэг мэдээлэлд хариулт өгөөч. Хаанаас хурааж авсан юм бол?

-Энэ хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Ийм учраас тухайн дүүргийн прокуророос мэдээлэл авах боломжтой.

-Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг яллагдагчаар татсан асуудалд тайлбар өгөхгүй юу?

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын Ростех компаниас 400 сая ам доллараар худалдан авсан асуудалд эх үүсвэр нь тодорхойгүй гэдэг үндэслэлээр ЭЦА, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг хэрэгт мөрдөгчдийн зүгээс тус банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэс компанийн захирал Ц.Пүрэвтүвшин, Г.Хүрэлбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилан, мөнгө угаах гэмт хэргүүдэд яллагдагчаар татах саналыг ирүүлсэн. О.Орхон, Д.Эрдэнэбилэг нарын хувьд банкны чадварыг алдагдуулсан зүйл ангиар тус тус яллагдагчаар татах саналыг ирүүлсэн. Прокуророос хэргийг хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан. Учир нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авахаар санхүүжүүлсэн 400 сая ам долларын эх үүсвэрийг хэрвээ төрийн мөнгөнөөс авсан бол тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудыг татан буулгах асуудал яригдана. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх дөрвөн нэр бүхий хүнийг Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан, өгсөн хэрэгт шалгаж байгаа учраас одоогоор яллагдагчаар татах үндэслэлгүй байна гэж үзээд буцаасан.

-С.Зориг агсны хэрэгт нэр бүхий гурван хүнийг саатуулан шалгаж байгаа гэдэг мэдээлэл байна вэ?

-С.Зориг агсны хэрэгтэй холбоотой өмнөх шүүхийн тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр явж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээд байгаа хоёр албан тушаалтныг тухайн үед шалгалт хийж байсан хоёр тагнуулын ажилтныг саатуулсан асуудал байгаа. Энэ хэрэг нууцын зэрэглэлтэй учир нарийвчлан мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Сүүлийн үед шүүгч нартай холбоотой мэдээлэл гараад байгаа шүү дээ. Хэчнээн шүүгчийг шалгаж байгаа вэ?

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байгаа. Албан ёсоор яллагдагчаар татаад хэрэг үүсгэсэн зүйл байхгүй. Харин хоёр нэр бүхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудал байгаа. Уг асуудал хөрөнгөжсөн асуудалтай холбоогүй. Өөр зүйл ангиар шалгасан байдаг.

-Худалдаа хөгжлийн банкны удирдлагыг яллагдагчаар татахаас татгалзаж байгаа юм байна. Ямар үндэслэлээр?

-Хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нийцэхгүй байна гэсэн үндэслэлээр буцаасан. Хуулийн байгууллагууд хуульд заасан журмаараа шалгагдана.

-ЖДҮ-тэй холбоотой гишүүдийг нэмж яллагдагчаар татсан асуудал байгаа юу?

-Нэр бүхий таван гишүүнийг татсан. Мөрдөн байцаах албанаас нэмж хүний нэр өгөөгүй байна.

Н.Алт

 

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …