Газрын наймааны нууц ноёдыг илрүүлэхгүй хэрнээ нийтийн эзэмшлийн газарт газар олгоод байгаа нь хачирхалтай
Өнгөрсөн долоо хоногт хотын төвийн өнгө үзэмжийг гутааж буй ТҮЦ-үүдийг албадан буулгах үйл ажиллагаа явагдсан билээ. Гэтэл эл шийдвэртэй зэрэгцэн автобусны буудал, явган хүний зам буюу нийтийн эзэмшлийн талбайд барилга барихаар хашаа хатгажээ.
Уг нь Нийслэлийн Засаг дарга, хот тохижилт, үйлчилгээний газар Улаанбаатарын өнгө зүс, ирээдүйн төлөө зүтгэж хотыг аль болохоор өнгө үзэмжтэй харуулахыг зорьсон. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр тэдний хийсэн ажлыг олон нийтэд буруугаар ойлгуулах гэсэн хүмүүс гурван давхар үйлчилгээний зориулалттай барилга барихаар ийнхүү улайрч оршин суугчид болон иргэдтэй багагүй тэмцэл өрнүүлээд байна.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах явган хүний замын хажууд өмнө нь жижигхэн ТҮЦ байсан гэнэ. Энэ талаар тус хорооны иргэн Д.Сэржмядаг “Та нар өөрсдөө энэ газарт барилга барьж болохоор байна уу гэдгийг сайн хараарай. Яаж ч бодсон барилга барьж боломгүй газар байгаа биз дээ.
Өмнө нь энд жижигхэн ТҮЦ байсан. Гэтэл жижигхэн ТҮЦ-ийн газарт гурван давхар барилга барихаар зэхэж байгаа нь энэ газар ямар их үнэтэй байгаагийн илрэл шүү дээ. Хотын удирдлагууд нийслэлд байгаа бүх л ТҮЦ-ийг буулгах юм гэсэн. Энэ нь хотын аль гайгүй гэсэн газрыг булааж авах тэдний шилдэг төлөвлөгөөний нэг хэсэг байх.
Түүнээс явган хүний зам дээр хэн барилга барих зөвшөөрөл өгөх юм бэ. Тэгээд ч энэ барилгын чанх ард орон сууцнууд байгаа. Одоо ажил нь эхэлбэл оршин суугчид болох биднийг шөнийн цагаар унтуулж амраахгүй, их л төвөгтэй байдал үүсэх гээд байна. Хамгийн гол нь эл барилга хэнийх вэ гэж асуухаар хариулдаг хүн байхгүй. Барилга баригдаад дууссан цагт л эзэн нь ил гарч ирэх байх даа. Манайх шиг ингэж газрын наймааг улайм цайм хийдэг улс орон хаана ч байхгүй биз.
Тиймээс энэ асуудалд хотын дарга Э.Бат-Үүл яаралтай арга хэмжээ авахгүй бол иргэд авто машины замаар явган явах нь байна шүү гэдгийг хэлмээр байна” гэв. Ямартай ч оршин суугчид болон иргэдийн ярьж буй зүйл нь бүгд нүдний өмнө харагдаж байгаа бодит үнэн дүр төрх.
Чухам дээрх газрыг хэн гэдэг мундагтан эрх мэдлээрээ далайлган авсан бэ гэдэг нь оньсого таавар мэт болоод байна. Бид энэ талаар барилга барьж буй хүмүүсээс асууж лавлах гэсэн боловч тэд хаалгаа онгойлгож өгөөгүй юм. Ер нь нийслэлийн «А» зэрэглэлийн нэг га газар нэг сая ам.доллараар зарагддаг гэсэн яриа бий.
Тиймээс жирийн нэг иргэн хотын төвд газар авъя гэж хэчнээн жил хөөцөлдсөн ч мөрөөдөөд барахгүй.
Учир нь эдгээр «А» зэрэглэлийн бүсэд газар олддоггүй талаар холбогдох албаны хүмүүс учирлан хэлдэг ч эсрэгээрээ нийслэлийн «топ» гэх бүх газрыг мөнгөтэй эрхмүүд олон сая төгрөгөөр өөрийн болгож авсны нэгэн жишээ дээрх дүүрэгт болоод байгаа үйл явдал билээ. Бас байршлаасаа шалтгаалах дээрх газрууд хэрхэн яаж үнэд орж, газрын наймаачдын гараар дамжиж дараагийн эзэндээ хэдэн төгрөгөөр очиж байгаа нь ойлгомжтой.
Зарим нэг албаны хүмүүсийн хэлж буйгаар газрын наймаа хийгчдийг илрүүлэхэд их л амрхан байдаг гэнэ. Тодруулбал өдгөө нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй барилгын компани байдаг байна. Тэдгээрээс хэн, хаана ямар хэмжээний газрыг хэний зөвшөөрлөөр авсан бэ гэдгийг судалж үзэхэд эзэн холбогдогчийнх нь гарын үсэг дурайтал бичигдсэн байдаг аж.
Гэтэл албаныхан өөрсдөө ингэж ярьдаг мөртлөө чухам яагаад газрын нууц ноёдыг илрүүлэхгүйгээр дахин нийтийн эзэмшлийн газарт газар олгоод байна вэ гэдэг нь тун хачирхалтай хэрэг.
Магадгүй дээрх дүүрэгт баригдаж буй үйлчилгээний зориулалттай гурван давхар барилга хууль бусаар баригдах нь дамжиггүй. Хэрвээ үнэхээр хэн нэгэн эрх мэдэлтний барилга бол сүндэрлэхээс нь өмнө яарал¬тай арга хэмжээ авах нь зүйн хэрэг байх аа.
Р.Саруул