“Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо” ТББ-аас “Буян Ухаа 2” хороололын 972 айлын түрээсийн орон сууцнаас 200 орон сууцыг багш нарт олгох ёстой гэсэн шаардлагыг тавьж өлсгөлөн зарлаад байсан. Тэгвэл өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр “НОСК-аас 200 байрны квотыг олгохоор болж, тус төрийн бус байгууллагаас зарласан өлсгөлөн зогссон” гэсэн утга бүхий мэдээлэл гарч эхэлсэн.
Мэдээллийн нягтлан шалгахаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргалаас тодруулахад “Монголын багш нарын үйлвэрчний эвлэл холбооны шаардлагыг хүлээн авч 200 квот олгох боломжгүй. Үүнийг ч уулзалт дээр хэлсэн. Харин төрийн албан хаагчдад олгох 25 хувийг дотор нь задалж төрийн албаны салбарын эзлэх хувиар хамруулах асуудлыг судалж үзэхээр болсон. Энэ ч шударга юм шиг санагдаж байгаа. Тус холбооноос бол төрийн албан хаагчдын 40 хувийг багш нар эзэлдэг учир төрийн албан хаагчдад олгох 25 хувийг дотор нь ангилж 40 хувийг нь багш нарт олгох шаардлага ирсэн. Бид ч мөн шаардлагыг судлуулахаар Төрийн албаны салбар зөвлөлд албан бичиг хүргүүлсэн. Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн албан хаагчдын хэдэн хувийг багш нар, хэдийг хувийг эмч нар гэх мэтээр эзлэх хувийг нарийн гаргаж өгнө. Үүний дараа төрийн албан хаагчдыг ангилах уу, үгүй юу гэдэг шийдвэр гарах юм. Түүнчлэн Монголын багш нарын үйлвэрчний эвлэлийн холбоо” ТББ нь багш нарыг төлөөлөх бүрэн эрхтэй байгууллага мөн эсэхийг нягталж байна. Тухайн байгууллагад албан ёсны баримт бичгээ авч ирэх хүсэлт тавьсан. Хэрэв тухайн байгууллага албан ёсны эрхгүй байвал тавьж буй шаардлагыг нь бид хүлээн авахгүй” гэсэн юм.
Мөн Нийслэлийн орон сууцны корпорациас энэ асуудлаар тодруулсан юм. “НОСК” ХК-ийн дэд захирал С.Дорждэрэмийн ярьж буйгаар 972 айлын орон сууц бий. Түүнээс 40 хувийг нь буюу 389 байрыг газар чөлөөлөх маягаар гэр хороололын айл өрхүүдэд олгоно. Харин үлдсэн 60 хувь буюу 583 орон сууцыг түрээслээд өмчлөх, түрээслэх хэлбэрээр олгохоор журам баталсан. Түрээслээд өмчлөх, түрээслэх нөхцөлөөр орон сууцанд орох иргэдийг НАЙМАН ангилалд хувааж байгаа. Үүнээс төрийн албан хаагчдад 25 хувь буюу 145 орон сууц оногдож байгаа юм. Гэтэл “МБҮЭХ” ТББ-аас зөвхөн багш нар 200 орон сууц олго гэж шаардлага тавьж, тэмцэж байгаа нь ямар ч боломжгүй асуудал. Үүнийг ч манай талаас уулзалтын үеэр хэлээд хөөгдөөд гарч ирсэн. Нэгэнт НИТХ-аас журам баталчихсан учир одоо яаж ч тэмцээд нэмэргүй. Журамд өөрчлөлт оруулъя гэсэн ч хугацаа амжихгүй учир багш нарт 200 орон сууцны квот олгоно гэдэг боломжгүй зүйл. Тиймээс энэ мэдээлэл ор үндэслэлгүй, худал мэдээлэл байна” гэсэн тайлбарыг өглөө.
Түүнчлэн багш нарт 200 орон сууцны квот олголоо гэсэн мэдээллийг МБҮЭХ-ны УЗ-ийн гишүүн Ц.Мөнхтуяа мөн үгүйсгэсэн юм.
Ц.Мөнхтуяа: НЗДТГ, НОСК-аас албан тушаалтнуудтай уулзалт хийсэн. Гэхдээ 200 орон сууцны квот авах асуудал яригдаж, шийдвэрлэгдээгүй. Бидний зүгээс 200 квот олгохыг шаардсан ч тэд татгалзсан. Тиймээс төрийн албан хаагчдад олгох 25 хувийг дотор нь ангилж 40 хувь буюу 50 орчим орон сууцыг багш нарт олгох асуудлыг эргэн ярилцахаар болсон. Одоогийн байдлаар яг таг шийдвэр гараагүй байгаа.
Ийнхүү өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд байсан асуудал үндэслэлгүй болохыг эх сурвалжууд нотоллоо. Мөн иргэдийг мэдээллээ нягталж шалгахгүйгээр итгэж, бухимдал үүсгэж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөж байсан юм.
Т.Цолмонсайхан