“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас энэ сарын 18-ны өдөр 12:40 цагт Төв аймгийн чиглэлд ниссэн “А Жет” компанийн 55-66 дугаартай “МИ-8” нисдэг тэрэг Мөнгөнморьт сумын нутагт осолдсон хэрэг гарсан билээ.
Эл хэргийн дараагаас тухайн нисдэг тэрэг нислэг үйлдэх ямар нэгэн зөвшөөрөлгүй, актлагдах ёстой байсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.
Тэгвэл эл бүх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэлтэй холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ. Үүнд:
Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт буулт хийх үедээ хүчтэй салхины нөлөөнд орж, хажуу бөөрөөрөө унасан “А-жет Авэйшн” ХХК-ийн Ми-8 нисдэг тэрэгний талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл гарч байгаатай холбогдуулан ИНЕГ-аас мэдэгдэл гаргалаа.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичсэнчлэн тус нисдэг тэрэг нь ашиглалтын хугацаа дууссан биш байсан бөгөөд тухайн агаарын тээвэрлэгч, нисдэг тэрэг болон нисэх багийн гишүүд нь ИНЕГ-аас олгогдсон хүчин төгөлдөр агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх зэрэглэлтэй байсныг уг мэдэгдэлд онцолжээ. Тухайлбал “А-Жет Авиэйшн” ХХК-ийн “Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ”-ний хүчинтэй хугацааг 2012 оны 04-р сарын 02-ны өдөр ИНЕГ-аас үзлэг шалгалт хийж сунгасан бөгөөд 2014 оны 04-р сарын 02-ны өдөр хүртэл хүчинтэй байсан. Мөн JU-5566 дугаартай нисдэг тэрэгний “Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ”-г 2013 оны 05-р сарын 24-ны өдөр ИНЕГ-аас үзлэг шалгалт хийж сунгасан ба “Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ” нь 2013 оны 11-р сарын 22-ны өдөр хүртэл хүчинтэй, агаарын хөлгийн үйлдвэрлэгч болон их засвар хийсэн байгууллагаас олгосон засвар хоорондын баталгаат хугацаатай байсан байна. Түүнчлэн нисэх багийн гишүүд нь “Иргэний нисэхийн багц дүрэм”-ийн дагуу сургалт дадлагад хугацаандаа хамрагдаж, мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байсныг мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
Энэ сарын 18-ны өдрийн 12:45 минутанд “А-Жет Авиэйшн” ХХК-ийн JU-5566 дугаартай Ми-8Т загварын нисдэг тэрэг Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт буулт үйлдэх үедээ газар хүчтэй мөргөн баруун талын хажуу бөөрөөрөө унасан тохиолдол гарсан. Энэ үеэр нисдэг тэрэгний даах сэнс болон сүүлийн сэнс хугарах зэрэг гэмтэл нисдэг тэргэнд учирсан бөгөөд нисдэг тэргэнд байсан нисэх багийн гишүүд болон зорчиж явсан хүмүүст ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй юм.
“Иргэний нисэхийн тухай” Монгол Улсын хуульд заасны дагуу нислэг-техникийн осол, зөрчил болон нислэг-техникийн осол, зөрчлийн урьдчилсан нөхцөл үүссэн тухай асуудлыг шинжлэн шалгах, ангилах, бүртгэх ажиллагааг Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба /НТОЗШША/ гүйцэтгэдэг. Одоогоор НТОЗШША-наас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд тус албанаас тухайн тохиолдлыг Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон манай улсын Иргэний нисэхийн дүрмийн дагуу ангилан шалтгааныг тогтоож, дүгнэлт гаргах юм.