Ц.Цэцэгдэлгэрэх: Яаманд ажиллахаа больсон мөртлөө таван жил НДШ давхар төлүүлсэн зөрчил илэрсэн

АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийн байдал, үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс өөр ажил үүрэг гүйцэтгэж байгаа, хууль бусаар орлого олсон эсэх, хоёр буюу түүнээс дээш байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байдлыг хянан шалгахад цөөнгүй зөрчил илэрсэн байна. Энэ талаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэхээс тодрууллаа.

-Давхар ажил эрхлэхийг хориглох хууль, журам ямар албан тушаалтанд үйлчилдэг юм бэ. Эхлээд энэ талаар мэдээлэл өгөөч?

-Сонирхлын зөрчлийн болон Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан буюу Авлигын эсрэг хууль, тогоомжийн үйлчлэлд хамаарах этгээд гэж тусгайлан зааж өгсөн байдаг. Энэ нь дан төрийн жинхэнэ буюу төрийн захиргааны, тусгай албан тушаалтнууд биш. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд. Төрийн улс төрийн албан тушаалтнууд, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд ч орно. Түүнээс гадна, төрийн тодорхой чиг үүргийг гэрээний дагуу гүйцэтгэж байгаа ТББ-ын удирдах албан тушаалтан энэ хуулийн үйлчлэлд хамрагддаг. Сонирхлын зөрчлийн хуульд заасан нийтийн албан тушаалтанд хамрагдах нийт 13 төрлийн хориглолтын хязгаарлалт байдаг. Нийтийн албан тушаалтан тухайн албан үүргийг гүйцэтгэх явцдаа 13 төрлийн хориглолт, хязгаарлалтыг баримтлан ажиллана гэсэн үг.

Тухайлбал, хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргахгүй. Шийдвэр гаргахад нөлөөлөхийг хориглоно. Нийтийн албыг төлөөлж, хэн нэгэнд давуу байдал олгож, аль нэг компанийн үйл ажиллагааг сурталчилсан рекламанд тоглож болохгүй. Бэлэг, хандив авч болохгүй гэх мэт 13 төрлийн хориглолт, хязгаарлалт бий. Үүний нэг нь давхар ажил эрхлэлттэй холбоотой хязгаарлалт. Сонирхлын зөрчлийн хуульд болон Төрийн албаны тухай хуульд зааснаар албан хаагчдад үндсэн ажлын хажуугаар давхар ажил эрхлэх хэд хэдэн төрөл бий.

-Үндсэн ажлаасаа гадна өөр давхар ажил хийхийг зөвшөөрнө гэсэн үг үү?

-Үндсэн ажлаасаа гадна өөр юу ч хийж болохгүй гэсэн юм байхгүй. Тухайлбал, багшилж, эрдэм шинжилгээний ажил хийж болно. Нийтийн албан тушаалтан байвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй үнэ бүхий төмс, хүнсний ногоо тариалж болно. Засаг, амьтан үржүүлж бас болдог. Үүнээс бусад тохиолдолд давхар ажил хийхийг хориглочихсон. Байгууллагын удирдлыгн зөвшөөрлөөр ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол давхар ажил эрхэлж болдог. Гэхдээ ихэвчлэн нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдэд үүнийг зөвшөөрдөг. Шинжээч байвал өөр ямар нэг газарт шинжээчээр томилогдож болно. Мөн эксперт хийж болж байна. Ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол удирдлагын зөвшөөрлөөр давхар ажил эрхэлж болно гээд хуульд заачихсан.

-АТГ-аас төрийн албан хаагчдын давхар ажил эрхлэлтийг шалгахад цөөнгүй зөрчил илэрсэн гэсэн үү?

-13 төрлийн хориглолт, хязгаарлалтын хүрээнд давхар ажил эрхлэлттэй холбоотой асуудалд АТГ-аас хяналт тавьсан. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий 5 яамны нийтийн албан тушаалтнууд үндсэн ажлаасаа гадна давхар ажил эрхэлж байна уу гэдгийг шалгалаа. Шалгалтаар нийтийн албан тушаалтнууд багагүй зөрчил гаргасан нь илэрсэн. Данц ганц сонирхлын зөрчлөөс гадна, төрийн албаны тухай хуулийг зөрчсөн. Үндсэн ажлаас гадуур ажил эрхэлсэн. Хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, нийгмийн даатгалын шимтгэлээ давхар төлүүлж байгаа зөрчил ч байна. Төрийн албан хаагч байвал зөвхөн ажил олгогч буюу тухайн яам нийтийн албан тушаалтанд цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой. Гэтэл хуулийн этгээдүүд өөр аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж, тэдгээр нь НДШ төлж байгаа асуудал гарсан. Ингэж болохгүй, хуулиар хориотой. Давхар ажил эрхлэлттэй холбоотой хязгаарлалтыг зөрчөөд байна.

-Ихэвчлэн ямар зөрчил илэрсэн бэ?

-Шалгалтын явцад юу ажиглагдсан гэхээр, тэтгэвэр тогтоолгох насанд хүрч байгаа хүмүүс зөрчил гаргаж байна. Сүүлийн 6 жилийн цалингийн дунджаар тэтгэвэрээ тогтоолгодог. Тиймээс өндөр тэтгэвэр авахын тулд аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж, давхар НДШ төлүүлээд байна. Нийгмийн даатгалын хуулиар үүнийг бас хориглодог. Үндэслэлгүйгээр тэтгэвэр тогтоолгох гээд байна шүү дээ, тэр хүмүүс. Ийм зөрчил илэрсэн. Тиймээс НДШ төлөөд байгаа аж ахуйн нэгж дүүрэгтээ тайлан мэдээллээ үнэн өгсөн үү гэдгийг хянаж, шалга гэдэг үүргийг харьяалах байгууллагуудад өгсөн. Энэ дагуу Нийгмийн даатгалын алба нь хянаад, зөрчил илэрсэн байвал хариуцлагаа хүлээлгээд явна.

-Давхар ажил эрхэлж, хууль зөрчиж байгаа хүмүүст ямар хариуцлага тооцдог юм бэ?

 -Бид давхар ажил эрхлэхийг хориглох хуулийг зөрчиж байна гэж үзэж, холбогдох байгууллагын удирдах албан тушаалтанд нь ажилтандаа сахилгын арга хэмжээ тооцоо санал хүргүүлчихсэн. Давхар ажил эрхлэхтэй холбоотой хориглолтыг зөрчсөн бол хуульд заасны дагуу сануулах сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Хуулийн дагуу л сахилгын арга хэмжээ авахуулахаар саналаа хүргүүлсэн. Мөн манай хяналт, шалгалтын хүрээнд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, ажлаас чөлөөлөгдсөн хүнд 5 жил гаруй хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл давхар төлсөн зөрчил илэрсэн. Энэ нь Нийгмийн даатгалын хууль болон Авлигын эсрэг хуулийн бусдад давуу байдал олгох гэдэг заалтыг зөрчиж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байна гэж үзсэн. Тиймээс санхүү, бүртгэлийн ажилтнуудад хуульд заасан арга хэмжээг тооцуулахаар саналаа хүргүүлсэн. Цаашид давхар ажил эрхлэлттэй холболоотой хяналт, шалгалтыг үргэлжлүүлэн хийнэ. Энэ удаагийн хяналт, шалгалтаар нэр бүхий 6 албан тушаалтантай холбоотой зөрчил илрүүлж, сахилгын арга хэмжээ тооцуулахаар болсон. НДШ-ийг давхар төлөөд байгаа хуулийн этгээдийг шалгуулахаар харьяалах дүүрэгт нь санал хүргүүлсэн.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …