Зүүн бүсийн хэрэгцээг хангах сайжруулсан шахмал түлшний үйлдвэртэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалантай ярилцлаа.
- Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн шавыг тавилаа. Үйлдвэрийн хүчин чадал ямар байх бол?
Монгол Улсын Засгийн газраас 62 дугаар тогтоол гарч 2019 оны тавдугаар сарын 15-аас түүхий нүүрсийг ахуйн хэрэглээнд хэрэглэхийг хориглосон. Үүнтэй холбогдуулаад сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах ажил 2019 онд эхэлж, 2019-2020 оны өвлийн улирлыг амжилттай давлаа. Агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах төлөвлөгөө хэрэгжиж, бүх шинжилгээгээр агарын бохирдол буурсан үзүүлэлт гарч, үр дүнгээ өглөө.
50 хувиар бууруулах төлөвлөгөө хэрэгжиж, бүх шинжилгээгээр агарын бохирдол буурсан үзүүлэлт гарч, үр дүнгээ өглөө.
Нэгдүгээрт агаарын бохирдол буурсан. Хоёрдугаарт сайжруулсан шахмал түлшийг хэрэглэсэн иргэн бүрт эдийн засгийн хувьд хэмнэлт үүслээ.
Баруун бүс буюу Улаанбаатар хотод байгуулагдсан сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн хоёр дахь шат буюу зүүн бүсийг хангах үйлдвэр нь цагт 30 тонныг үйлдвэрлэх зургаан шугам, 600,000 тоннын хүчин чадалтай үйлдвэр байх юм.
- Үйлдвэр ашиглалтад орсноор хэчнээн ажлын байр бий болох вэ. Гарах үр өгөөжийг хэрхэн тооцож байна?
2019 онд байгуулагдсан сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт 1500 орчим ажлын байр бий болсон. Мөн үүнтэй холбогдуулан борлуулалт, тээвэрлэлт гэх мэт 4000 гаруй ажлын байр үйлдвэрээс гадна бий болж байгаа. Зүүн бүсийг хангах Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Дахин 1500 ажлын байр нэмэгдэнэ гэсэн үг. Хоёрдугаарт тээвэрлэлтийн маш чухал шийдэл гарч байгаа. Зүүнбаян, Таван толгойн төмөр зам холбогдоход түүхий эдээ, нүүрсээ үйлдвэр рүү төмөр замаар тээврлэх боломж нээгдэж байна. Мөн төмөр замаар Улаанбаатар хот руу тээвэрлэх бүрэн бололцоотой.Мөн бид Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу байгалийн баялгаасаа үр шимийг нь хүртэж байна. Таван толгойн орчмоос гарч байгаа дундын нэг удаа угаагдсан түүхий эд буюу нүүрсийг Энэржи ресурс компани үнэ төлбөргүй нийлүүлж байгаа. Хоёрдугаарт сайжруулсан шахмал түлшийг хэрэглэснээр иргэд маань эрүүл мэндээ хамгаалж байгаа. Айл өрхүүдэд түлшний 50 хувийн хэмнэлт гарсан. Ийм олон талын ач холбогдолтой төсөл амжилттай өрнөж байна. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгаль орчинд ээлтэй үйлдвэр байх болно.
- Цаашид дүүргүүд түлшээрээ бүрэн хангагдах уу?
2019-2020 оны өвлийн улиралд хотын төвийн зургаан дүүргийн зарим хороодыг шахмал түлшээр хангаж чадаагүй. Тухайлбал Өлзийт, Био, Шувуун фабрик, Гачуурт зэрэг алслагдсан хороод болон Налайх, Багануур, Багахангай дүүргүүд. 600,000 тоннын хүчин чадалтай хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хот бүхэлдээ шахмал түлшээр хангагдах болно. Дээр нь нэмээд бусад аймаг, орон нутгуудыг хангах бололцоо нээгдэж байгаа юм. Дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар хэрэглээг тооцож үзвэл 400,000 орчим тоннын хэрэглээтэй байна. Цаашид 600,000 тонныг хэрэглэх зорилт тавьсан.
- Дүүргүүд өөрсдийн шахмал түлшний хэрэгцээгээ хангана гэсэн чиглэлтэй байгаа. Үйлдвэр дүүргүүдтэйгээ хэрхэн хамтарч ажиллах вэ?
Дүүргүүдэд шахмал түлшээ өөрсдөө нөөцөл гэсэн томоохон үүрэг өгсөн. Жишээлбэл 2019-2020 оны өвлийн улиралд үйлдвэрлэл анхны жилдээ ажилласан. Түгээлт, борлуулалт анхны жилдээ байсан. Тодорхой хязгаартайгаар хүн бүрт хүрэхээр зохион байгуулалтад орсон. 2020-2021 оны өвлийн улиралд дүүргүүдийн оролцоо маш сайн нэмэгдэх ёстой. Иргэдийнхээ нөөцийг хангах ёстой. Ийм үүрэг өгөгдөж байгаа. Тийм учраас борлуултанд, нөөцлөлтөд дүүргийн оролцоо чухал болж байгаа юм гэж ойлгох хэрэгтэй.
Бидний зорилго ашиг биш. Ард иргэд маань тогтмол орлоготой болсон цагт ашгийн төлөө ярих боломж гарах байх. Өнөөдөр ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхийн төлөө л ажиллаж байна.
- Үнийн хувьд иргэдэд ачаалал үүсэх үү. Түүхий нүүрстэйгээ ижил үнэтэй байх уу?
Монгол Улсын Засгийн газар, УИХ бүх гээд түвшиндээ хэлэлцээд түүхий нүүрстэй ижил үнэтэй байна гэж шийдвэрлэсэн. Хүчээр тогтоосон үнэ биш. Энэ бол Монгол Улсын ард иргэдийн баялаг болох Эрдэнэс таван толгой компанийн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын үнэ, ногдол ашиг шингэж байгаа. Үйлдвэрийг барих, тээвэрлэлт, түгээлтийг шийдвэрлэх гээд маш олон өртөг шингэсэн үнийг тэнцүү болгохын тулд нөхөн олговор маягаар, дээр нь ард иргэддээ үр шимийг нь хүртээх хэлбэрээр зохион байгуулж байна.
Хоёр дахь зүйл нь Үндэсний хороо болон Нийслэлийн Засаг даргын зүгээс тээвэрлэлт, нөөцлөлт, түгээлтэд тодорхой дэмжлэг үзүүлж байгаа. Монгол Улсын төсөв, нийслэлийн төсөв, эрдэс баялгийн зардал, түүхий эдийг үнэ төлбөргүй өгч байгаа Энэржи Ресурс компанийн нийгмийн хариуцлага энэ бүх үнэ өртөг, дэмжлэг шингэж байж сайжруулсан шахмал түлшийг зах зээлийн ханшаар, түүхий нүүрстэй ижил үнээр борлуулж байгаа. 2020-2021 оны өвөл ч гэсэн энэ жилийнхтэй адил үнээр борлуулна, борлуулалтын үнэ хэвийн үргэлжилнэ.
- Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр хэзээ ашгаа өгч эхлэх вэ?
Бидний зорилго ашиг биш. Бид ард иргэддээ эрүүл аюулгүй орчныг нь бүрдүүлэх буюу агаарын бохирдлыг бууруулах зорилготой учир ашгийн төлөө байх тухай одоохондоо яригдаагүй байна. Ямар ч байсан тодорхой төвшинд агаар, орчныхоо бохирдлыг бууруулчихлаа. Цаашид агаарын бохирдол 80 орчим хувиар буурна. Ард иргэд маань тогтмол орлоготой болсон цагт ашгийн төлөө ярих боломж гарах байх. Өнөөдөр ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхийн төлөө л ажиллаж байна.
Ярилцсан: Б.Нямзул