Улсын Онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.04.10/ мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар гадаадад амьдарч байгаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчирсан талаараа танилцууллаа.
Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд Улсын Онцгой комисс, МИАТ компанитай хамтраад нийт арван чартер нислэг хийсэн байна. Тухайлбал, Сөүл, Токио, Берлин Станбул зэрэг хотоос иргэдээ авсныг та бүхэн мэдэж байгаа. Таван шалгуур үзүүлэлтийг хангасан хүмүүсийг эхний ээлжид татаж авсан. Сөүлд эмчлүүлэх гээд очсон монгол хүмүүс олон байдаг учраас таван шалгуур үзүүлэлтээр сонгогдсон хүмүүс онгоцны дүүргэлтийг хэдхэн цагийн дотор дүүргэдэг.
Хамгийн эхний нислэг буюу Сөүлээс иргэдээ татаж авахдаа Элчин сайдын яаман дээр хүмүүс биеэр ирж бүртгэж байсан. Харин Сөүлийн Элчин сайдын яамнаас олон хүн цуглараад байхаар халдвар гарах эрсдэлтэй өөр арга хэмжээ ав гэсэн учраас онлайнаар бүртгэж эхэлсэн. Ингээд таван шалгуур үзүүлэлт бүр дээр таван утас гаргаад жагсаалтыг МИАТ компанид өгч байсан. Эхнээсээ бүртгэгдсэн 500 гаруй хүмүүс ар араасаа эх орондоо ирсэн.
Европын нислэгт тийм олон хүн хамрагдаагүй. БНСУ-тай харьцуулахад хамаагүй бага хүнтэй байсан учраас 16-17 суудал сул ирсэн. Тиймээс өөр улсаас дамжиж хүмүүс онгоцонд хамт ирсэн.
Өнгөрсөн хугацаанд 1800 иргэдээ чартер нислэгээр татаж авсан бол газрын боомтоор буюу төмөр замаар авсан хүний тоо 6000. Эдгээр иргэдийг татаж авахын тулд Гадаад харилцааны яамнаас иргэн бүртэй тулж ажилласан. Гэхдээ зарим иргэдийн хувьд БНХАУ-аас орж ирэхэд хорих ял авах хэмжээний визний асуудалтай хүн байсан ч ганц хүнийг торгуулаагүй, хил дээр үлдээлгүй оруулж ирсэн. Бид цаашид тусгаарлах байрны хүрэлцээ, эмч нарын ачааллыг тооцоолон эмнэлгээс гарч байгаа иргэдийн тоог харж байгаад дараагийн онгоцоо нисгэнэ. Өөрсдийн иргэдээ аль болох боломжоороо авчирна.
Иргэд амаргүй хүсэлт тавьж байна. Олон улс руу нисгэхийг хүсч байна. Гэхдээ нислэг үйлдэхэд улс орнууд хилээ хаагаад эхэлсэн учраас байдал хүндэрч байна. Япон, ОХУ, БНХАУ хилээ хязгаарласан энэ нөхцөлд нислэг хийх нь амаргүй нэмэлт зөвшөөрөл авах шаардлагууд тулгарч байна” гэх мэдээллийг өглөө.
Харин Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал гадаадад сурч байгаа оюутнуудыг авчрах асуудлаар мэдээлэл өглөө.
Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал: Оюутнууд эх орондоо ирэх хүсэлт ихээр тавьж байна. Одоогийн байдлаар 276 оюутан хүсэлтээ ирүүлжээ. Үүнээс 110 орчим нь Москва, 90 орчим нь Эрхүү, 60 орчим нь Улаан-Үдийн оюутнууд байгаа юм. Оюутнуудыг татаж авах нь зөв үү буруу юу гэсэн асуудал нийгэмд яригдаж эхэллээ.
Учир нь өнөөдрийн байдлаар гадаадад байгаа долоон монгол хүн халдвар авсан.Үүний хоёр нь Москвад байна. Хэрэв бид оюутнуудыг хүлээж авахгүй тэнд нь үлдээвэл эдгээр хүмүүсийн амь нас эрсдэлд орно. Ялангуяа Москвагийн оюутнуудыг авахаас өөр аргагүй. 110 оюутан маргааш өглөө Улаан-Үүд руу онгоцоор ирнэ. Халдвар авсан хүмүүсээ ч гэсэн бид авчирна. Эрхүү, Улаан-Үд, Москвагийн оюутнуудыг хооронд нь уулзуулахгүйгээр гурван үе шаттайгаар тусгаарлах ажил маргаашаас эхэлнэ” гэв.