Ugluu.mn сайт “Өглөөний зочин” буландаа Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарыг урьж, Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар ярилцлаа.
- Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр баригдхаар шаваа тавьчихлаа. Налайх дүүргийнхний хувьд ямар хүлээлттэй байна вэ?
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орсноор Налайх дүүрэгт дахиад нэг түүхэн үе эхэллээ гэж үзэж байгаа. Манай дүүрэг олон үндэстний өлгий нутаг гэдгээрээ их онцлог. 18 аймаг болон хотоос залуучууд нэгдсэн журмаар илгээлтээр ирж аж үйлдвэрийг эхлүүлж байсан түүх бий. Тухайн үед нүүрсний уурхай, шилний үйлдвэрлэл энэ дүүрэгт явагдаж, Улаанбаатар хотыг эрчим хүч, цахилгаанаар хангаж байлаа. Энэ түүхийн үргэлжлэл болж энэхүү үйлдвэр сууриа тавьж байна.
1990 оноос хойш зах зээлийн нийгэмд шилжих үед үйлдвэрүүд зогсож, иргэд маань гар аргаар нүүрс олборлож амьдралаа залгуулж эхэлсэн. Сайжруулсан түлшний үйлдвэрийг байгуулснаар эдийн засаг, аж үйлдвэрээ сэргээж, дүүргийн иргэд, айл өрх ажилтай, орлоготой болж иргэдийн ахуй амьдрал сайжирна гэж үзэж байгаа.
Иргэн төвтэй төр байхын тулд иргэдийнхээ дуу хоолойг сонсож, төрийн бодлого, шийдвэр нь бодлогоороо дамжиж иргэндээ хүрч байх ёстой
- Шахмал түлшний үйлдвэрийг Налайх дүүрэгт байгуулна гэдэг санаачлага энгийн иргэнээс гарсан гэж сонссон?
Бид аль болох иргэдийнхээ дэвшүүлсэн санал, санаачлага, асуудлуудыг шийдээд явахыг хичээдэг. Утааг багасгах, утаагүй болох нь мэдээж нэгдүгээрт шийдэх ёстой асуудал байсан. Сүүлийн 10-аад жилд агаарын бохирдлоос шалтгаалан иргэд эрүүл мэндээрээ хохирох, хүүхэд эхийн хэвлийд байхдаа эндэх гэх мэт сэтгэл түгшээсэн асуудлуудтай нүүр тулж ирсэн. Тийм учраас утааныхаа асуудлыг шийдэхийн тулд шахмал түлшний үйлдвэрийг дүүрэгтээ барих нь зүйтэй юм байна мөн Налайх дүүргийг утаагүй бүсчлэлд оруулах талаар иргэдийнхээ хүсэлтийг нэгтгээд дүүргийнхээ Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон НИТХ-д сууж байгаа, нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд уламжлахад нааштай хүлээж авч бидний хүсэлтийг Засгийн газарт хүргүүлснээр сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг дүүрэгт баригдах болсон.
Мөн энэ үйлдвэр нь Налайх, Багахангай, Багануур, цаашлаад зүүн аймгуудыг хангахаар шийдвэрлэгдсэн. Алслагдсан дүүргүүд хөгжвөл хотын төвлөрлийг сааруулна. Иргэн төвтэй төр байхын тулд иргэдийнхээ дуу хоолойг сонсож, төрийн бодлого, шийдвэр нь бодлогоороо дамжиж иргэндээ хүрч байх ёстой.
- Налайх дүүрэгт ажилгүй байгаа хэчнээн иргэн байгаа вэ. Үйлдвэр ашиглалтад орсноор хэчнээн иргэн ажлын байраар хангагдах вэ?
Манай дүүрэг 40-өөд мянган хүн амтай. Үүний 6500 орчим нь ахмад настан, 14000 орчим нь хүүхдүүд бөгөөд 18-55 насны 20,000 ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой иргэд байна. Үүнээс 1880 иргэн төрийн болон хувийн хэвшилд ажиллаж байна. Харин 14,500 орчим ажиллах боломжтой иргэн байна гэсэн судалгаа бий. Яг үйлдвэр дээр 1500 ажлын байр гарна гэж байгаа. Манай МСҮТ-д бэлтгээд гаргачихсан 240 орчим мэргэжилтэн бэлэн байна. Ажлын байранд мэргэжилтэй хүн хэрэгтэй учир бид бага дунд боловсролтой иргэдийг Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэс, МСҮТ-тэй хамтран мэргэшүүлэхээр бэлдэж байгаа. Үүнд үсчин, тогооч, засварчин, операторчин гэх мэт 18 төрөлд хүмүүсээ бэлтгэхээр бэлтгэлээ хангасан. Ингээд бэлэн байгаа мэргэжилтэн болон бэлдэж байгаа мэргэжилтэн гээд 600 орчим хүн шахмал түлшний үйлдвэрт ажиллахаар тооцоолол байна. Манай уурхайчид амьдралын эрхээр бүрэн дунд сургуулиа төгсөөд шууд уурхайд ажиллачихсан байдаг. Энэ хүмүүсээ мөн сургалтад хамруулаад мэргэжилтэй болгож ажлын байраар хангагдах боломжийг бүрдүүлж байна. Бид дүүргийнхээ иргэдийн 70-80 хувийг ажлын байраар хангана гэсэн тооцоо байна. Энэ бол өнөөдрийн бодит тооцоо.
- Иргэд ажлын байраар хангагдахаас гадна эдийн засгийн хувьд ямар үр өгөөж байна вэ?
Энэ үйлдвэрийг дагаад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг болон бусад бизнес эрхэлдэг иргэдийн ашиг орлого нэмэгдэнэ. Мөн дүүргийн татварын орлого нэмэгдэнэ гэдэг нь эдийн засгийн суурь үзүүлэлт сайжирна гэх мэтээр дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч ААН-үүдийн бизнест ахиц гарснаар эдийн засгийн маш том алсыг харсан шийдэл болж байгаа юм.
- Үйлдвэр баригдах газар нутаг нь хаана харьяалагдах вэ?
Төв аймгийн Сэргэлэн сум болон Налайх дүүргийн хилийн зааг дээр байгаа юм. Сэргэлэн сум ч гэсэн ажлын байраар хангагдах хүсэлтэй иргэдээсээ саналыг нь авсан. 130-аад хүн ажлын байрны санал ирүүлсэн. Ингээд хоёр талаас иргэдээ 100 хувь ажлын байраар хангах боломжтой.
Энэ үйлдвэр арван нэгдүгээр сард ашиглалтад орсноор үйлдвэрийн ажилчдаас гадна борлуулагч, түгээгч гэх мэт 10,000 орчим иргэн ажлын байраар хангагдана гэсэн тооцоо бий. Эдгээр ажлын байр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс бүрдэнэ гэсэн үг.
- Сайжруулсан шахмал түлштэй холбоотойгоор дүүргүүд өөрсдөө түлшний нөөцөө бүрдүүлэх ёстой гэсэн үүрэг өгсөн. Танайх энэ дээр яаж ажиллах вэ?
Сайжруулсан шахмал түлшийг бороо, салхи, тоосноос ангид, аюулгүй орчинд, хамгаалалттай битүү газар хадгалах ёстой. Бид судалгаагаа гаргасан. Борлуулалт хийх 20 цэг гаргана. Мөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цэргийн ангиудтай агуулахын асуудлыг шийдвэрлэж өгөхийг ярилцаж байгаа. Энэ талаар холбогдох газарт нь хүсэлтээ тавьчихсан. Ямар ч байсан дүүргийнхээ 20 цэгийг хангалттай хангах хэмжээний нөөцийн асуудлаа шийдчихсэн гэж хэлж болно.
- Борлуулалт, түгээлтийн ажилчдийг хаанаас цалинжуулах вэ?
Гарах зардлуудыг Засгийн газар хэлэлцэж шийдвэрлээд тодорхой хэмжээний зардал тусгана. Яг энэ чиглэл рүү зардал тавигдаж байгаагаараа их онцлог. Ер нь манай дүүрэг 100 хувь татаасын дүүрэг. Нийслэлээсээ татаас авч амьдардаг. Одоо үйлдвэрлэл явуулаад, ААН-үүдээ дэмжээд ирвэл бие даах чадвар илүү нэмэгдэнэ. Энэ үедээ борлуулалтад ажиллах иргэдийн цалингаа дүүрэг өөрөө шийдээд байх боломж гарна.
Ярилцсан: Б.Нямзул