Сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгдөг ярилцлагын эхэнд Засгийн газрын тэргүүн өмнөд хөршид хийсэн айлчлалынхаа гол үр дүнг танилцууллаа. Энэ удаагийн айлчлалаар хоёр орны ирэх 20 жилийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг баталлаа. Засгийн газрын тэргүүнүүдийн хэлэлцээний мөрөөр хоёр орны холбогдох шатны байгууллагуудын хооронд 11 баримт бичгийг албажуулан гарын үсэг зурлаа. Хятадтай хийх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд анх удаа тодорхой тоо, хэмжээ ярьж тогтоолоо. Засгийн газрын түвшний яриа хэлэлцээнд шинэ механизм бий болгож, Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нарын түвшний уулзалтыг жил бүр хийхээр тохиролцлоо гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Мөн эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх хэд хэдэн жишээ татлаа. 50 тэрбум ам.доллартай тэнцэх өртөгтэй нэг тэрбум тонн нүүрсийг 20 жилийн хугацаанд Хятадад нийлүүлнэ. Монголд нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулан хийн түлш гаргаад, заримыг нь Хятадад экспортолно. Өөрийн орны түүхий тосны бүтээгдэхүүн “Монгол-93” шатахууны нийлүүлэлтийг 4 дахин нэмж, сард 35-40 мянган тонныг авахаар боллоо. Хилийн боомтуудыг төмөр замаар холбож, хоёр орны худалдааны албан ёсны боомтын тоог 4-өөр нэмж, далайн шинэ гарцын талаар ярилцлаа. Чухал шаардлагатай мэргэжлүүдээр өмнөд хөршид таван жилийн хугацаанд жилд 1000 оюутан сургахаар боллоо гэж Ерөнхий сайд айлчлалын үр дүнгээс танилцуулсан юм.
Ерөнхий сайд сэтгүүлчид асуултад хариуллаа:
-Эрүүл мэндийн салбар тэр дундаа ГССҮТ-тэй холбоотой асуудал нэлээд хурцаар тавигдаж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Нэг эмнэлгийн даргыг эсэргүүцсэн асуудал Засгийн газрын хийх ажил биш. Гэмтлийн эмнэлэгтэй холбоотой асуудлыг Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай ярилцсан. Үүсээд байгаа асуудлыг Эрүүл мэндийн сайд иргэддээ хохиролгүй, эмчилгээг тасралтгүй хүргэхийг чухалчилж, асуудлыг зохицуулна гэсэн.
Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгийн 30 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа. Энэ бол Ерөнхий сайдын багц.
-Оюутолгойн хэлэлцээр яг ямар шатандаа явж байгаа вэ?
-Ерөнхийдөө Оюутолгойн асуудлаар ойлголцох тал руугаа орж байгаа. Хэлэлцээрээр шийдвэрлэх 30 асуудлы 15, 16 асуудлыг шийдвэрлэсэн үлдсэн асуудлыг шийдвэрлээд явж байна. Хоёр талд хоёуланд нь ашигтай байх хувилбарыг ярилцаж, шийдвэрлэх нь чухал учраас хугацаа их орж байна. Мөн БНХАУ-ын хилийн боомтын агуулахад дарагдаад байсан Оюутолгойн зэс, алтыг цааш гаргах болсон. Оюутолгой компани өнөөдрийн байдлаар боломжоороо хэвийн ажиллаж байна.
-Ам.долларын ханш өссөөр л байна. Засгийн газрын зүгээс ямар бодлого явуулах гэж байна вэ?
– Өмнө нь авсан мөнгөний үр дүн л өнөөдөр ингэж харагдаж байгаа юм. Гэхдээ бид өмнө нь авсан мөнгө гээд одоо зүгээр суугаагүй. Монгол Улсад гаднаас доллар нэмэгдүүлэх байдлаар ажиллаж байгаа. Энэ хүрээнд БНХАУ манай улсын Хөгжлийн банкинд 240 сая ам.долларын зээлийг олгохоор болсон. Ингэхээр ам.долларын хэрэгцээ шаардлагыг хангана гэж бодож байна. Цаашдаа экспортоо нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Засгийн газар богино хугацааны арга хэмжээгээ авсан. Одоо дунд, урт хугацааны ажлаа хийгээд ирэхээр долларын ханшийн асуудал цэгцэрнэ.
-Цалин тэтгэврийг нэмэх тал дээр ямар тайлбар өгөх вэ?
-Цалин тэтгэврийг нэмэх шаардлагатай гэж үзээд, төсөвт мөнгийг нь суулгасан. Гэвч хэзээ, хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэх боломжгүй байна. Учир нь цалин тэдэн сард нэмлээ гээд хэлчихээр наана нь бараа бүтээгдэхүүний үнэ өсчихдөг шүү дээ.
– Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байна?
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Засгийн газраас Монголбанктай хамтраад мах, шатахуун, гурил гэсэн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн дээр хэрэгжүүлсэн. Үр дүнгээ өгсөн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг 230 гаруй төрлийн бүтээгдэхүүний үнээр харьцуулж гаргадаг. Тэр бүхнийг Засгийн газар хянах боломжгүй. Харин импортоор оруулж ирдэг цагаан будаа, элсэн чихрийн үнийн асуудлаар Хятадтай ярилцсан зүйл бий.
– 2014 оны төсөвт хаана баригдах нь тодорхойгүй обьект орж ирсэн гэж зарим гишүүд ярьж байна. Энэ үнэн үү?
– Засгийн газар 2014 оны төсөвт нээлттэй хандаж байгаа. Дотор нь засаж залруулах, хасах зүйл байвал засахад бэлэн байна. Энэ бол эцэслээд гаргачихсан төсөв биш.
Товчхон: