Улсын Онцгой Комисс өнөөдөр 11 цагт хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг долдугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэсэн байна.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн Газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц. Ганзориг, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нар мэдээлэл хийлээ.
Энэ талаар Засгийн Газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц. Ганзориг “Өнөөдөр Улсын онцгой комисс болон Засгийн газар хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг долдугаар сарын 15-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
Хязгаарлалтад орсон байсан үйлчилгээний байгууллагуудыг шат дараатай нээхийг аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо. Үүний дагуу нийслэлийн Онцгой комисс одоо хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргана.
Дотооддоо халдвар тархаахгүйн тулд урьдчилан сэргийлэх, анхаарал сэрэмжээ алдагдуулахгүйгээр цаашид хилийн чанадад байгаа иргэдээ тусгай нислэгээр татсаар байх болно. Зургадугаар сард 2,000 гаруй иргэнээ татсан бол долдугаар сард 3,000 иргэнээ татахаар төлөвлөж байна” гэж мэдэгдлээ.