Чөлөөлөх дайны 75 жилийн түүхэн ойд зориулан “Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх есдүгээр сарын 2-нд зохион байгуулах гэж байна.
Энэ үеэр өмнө нь нийтэд дэлгэж байгаагүй, архивын хосгүй үнэт, нэн ховор баримт, кино, гэрэл зураг, дуу авианы баримт, дүрс бичлэг, эд өлгийн үзмэрүүдийг эх хувиар нь дэлгэсэн цогц үзэсгэлэнг Оросын шинжлэх ухаан соёлын төвд ( РЦНК) зохион байгуулна.
Тус цогц үзэсгэлэнг цахимжуулан дэлхийн 81 улсад 98 төлөөлөгчийн газартай Россотрудничество агентлагийн Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй улсуудад дэлгэн үзүүлэх юм.
ОХУ-ын Холбооны гүйцэтгэх засаглалын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас санаачлан Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран тус үйл ажиллагааг хийх юм.
Түүнчлэн түүхэн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн анхны хуралдаан болжээ.
Эх сурвалж: Улаанбаатар дахь ОШУСТ