Сэтгүүлчид болоод хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-уудын хэвлэлийн ажилтнуудад зориулсан “Хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн асуудлаар урьдчилан сэргийлэх боловсрол олгох сургалт” ХНХЯ-нд зохион байгуулагдсан.
Энэхүү сургалтыг ХНХЯ, Хүйсийн тэгш эрхийн төв, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв хамтран зохион байгуулж “Жендэрийн үндсэн ойлголт, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тухай”, Бэлгийн мөлжлөгийн тухай ойлголт-Биеэ үнэлэлт бэлгийн мөлжлөгийн асуудал болох нь”, “Жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг сурвалжлах нь” сэдвийн хүрээнд оролцогчдыг мэдээллээр хангасан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллага, тэр дундаа сэтгүүлчид гэмт хэргийн золиос болж хохирсон тохиолдлын тухай мэдээ мэдээлэл, нийтлэл, сурвалжилга бэлтгэхдээ гаргадаг түгээмэл алдаа болоод, хохирогчтой уулзаж мэдээлэл авсны дараа ойрын болоод, холын үр дагаварыг тооцоолон тухайн хүнд 2-3 удаа урьдчилж сануулах, үүний дараа хохирогчоос албан ёсоор зөвшөөрөл авсан тохиолдолд нийтлэж болох эсэх талаар бодож үзэхийг шаардлагатайг зөвлөсөн.
Мөн жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдолд насанд хүрээгүй хүүхдээс ярилцлага мэдээлэл авахыг хориглодог. Учир нь бага насны хүүхэд тухайн мэдээллийг ярих бүртээ гэмтсэн сэтгэл зүй улам шархлаж, нэмж гэмтэж байдгийг онцгой анхааруулсан юм.
Шударга байх зарчим
- Сэтгүүлч хүн эх сурвалжуудтайгаа үргэлж зүй зохистой, шударга харьцах, эмзэг байж болох эх сурвалжийг хамгаалах хэрэгтэй. Тиймээс ЖСХ-ийн хохирогчтой ярилцах үедээ түүнийг хамгаалах нэмэлт үүрэг танд ногдож байгааг ойлгох нь зүйтэй.
- Энэ хүрээнд эх сурвалжаасаа зөвшөөрөл авсны үндсэн дээр өгсөн мэдээллийг нь ашиглах, эш татах нь чухал юм. Гэвч ярилцлага авах зөвшөөрөл хүсэх нь хангалттай биш. Харин түүний өгсөн мэдээллийг хэрхэн, хаана, ямар байдлаар ашиглах, үүний улмаас ямар эрсдэл гарч болох талаар шаардлагатай мэдээллийг өгч тайлбарласны үндсэн дээр зөвшөөрлийг нь авах хэрэгтэй.
Тэнцвэртэй, объектив байх
- Ялгаварлан гадуурхах, буруу зөвийг шүүх, шүүмжлэх нь хариуцлагатай сэтгүүлчийн хийх зүйл биш.
- Хүчирхийллийн талаар хэт дэлгэрэнгүй, нэг бүрчлэн мэдээлэх нь хохирогчийг буруутгах хандлагыг бий болгох эрсдэлтэй. Тухайлбал, хохирогчийн гадаад төрх, биеэ авч явах байдал болон гэмт хэрэг гарах үед өмсөж байсан хувцас зэргийг энэ талаар мэдээлэхдээ дурдах шаардлагагүй юм. Зарим сэтгүүлч бүтээлээ илүү “амьд”, нүдэнд харагдахуйц болгохын тулд иймэрхүү мэдээллийг дурдсанаас болж хохирогчийг шүүмжлэх далд санааг илэрхийлж, улмаар олон нийтэд түүнийг буруутгах сэдэл төрүүлэх нь бий.
Хувийн нууцыг хадгалах
- Монгол Улс хэдий газар нутаг томтой ч хүн ам цөөтэй. Энэ утгаар мэдээллийн нууцлал, хувь хүний халдашгүй байх эрхийг хангахад бэрхшээл тулгардаг.
- ЖСХ-ийн хохирогч болон гэр бүлийнх нь нууцыг хадгалах, хамгаалах нь мэргэшсэн, ёс зүйтэй сэтгүүлчийн үүрэг.
- Хэдийгээр хүчирхийллийн хохирогчийн нэрийг хэлж, царайг харуулаагүй ч оршин суугаа байршил, нас, хувцаслалт, гэр бүлийн гишүүдийн талаарх мэдээлэл зэргийг өгснөөр олон нийт тухайн хүнийг таних боломжтой байдаг.
Эх сурвалжаа хамгаалах
- Эх сурвалжаа байнга хамгаалах нь хамгийн чухал. Үүнийг тантай хамт ажиллаж буй орчуулагч, жолооч, зураглаач зэрэг хүн бүрт сайтар ойлгуулах хэрэгтэй.
- ЖСХ-ийн талаар нээлттэй ярьж, мэдээлж буй хүмүүсээс зай барих, болгоомжлох хүмүүс байдаг. Хүчирхийллийн талаар ярьсан эх сурвалжийг сүрдүүлэх, шийтгэх тохиолдол ч гарах нь бий.
Мэдрэмжтэй байх
- Таны хийж буй ярилцлага хүчирхийллийг даван туулсан хүний хэрэгцээ, шаардлагад нийцэж байна уу гэдгийг сайтар бодолцох хэрэгтэй. Эмэгтэй хохирогчтой зөвхөн эмэгтэй сэтгүүлч л ярилцлага хийх нь зүйтэй гэсэн олон улсын стандарт ч бий. Сэтгүүлч ЖСХ-ийн талаар мэдлэгтэй байж, хохирогчийг буруутгах сэдэл төрүүлэхгүй байхад анхаарах нь чухал.
Тэмдэглэлд үлдсэн оновчтой ишлэлүүд
Хүний наймаа бол хүний мөрөөдлийг хулгайлах гэмт хэрэг мөн
Биеэ үнэлэгч гэдэг бэлгийн мөлжлөгийн хохирогч
Хохирогч төвтэй арга зүй гэдэг бол хохирогчийг дахин хохироохгүй байхад чиглэдэг.
Хохирогчоос ЯАГААД??? гэдэг асуултыг хэзээ ч бүү асуу!