СЕХ-ны дарга, нарийн бичгийн даргыг томилохыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.28/ хуралдаан 17 цаг 40 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал хэлэлцэхийг танилцуулав.

   Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Пүрвээгийн Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Даваанямын Даваа-Очирыг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар томилуулах санал оруулж байгааг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцууллаа. 

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй гэж гишүүд үзсэн тул санал хураалт явуулав.  

  Пүрвээгийн Дэлгэрнаран нь улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Улсад 32 жил ажилласнаас төрийн албанд 7 жил ажиллаж байгаа.  Эдүгээ Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст ахлах референтээр ажилладаг, төрийн жинхэнэ албан хаагч. Төрийн албанд удирдах албан тушаал хашиж байсан, мэргэжлийн өндөр мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадвар, удирдах ажлын дадлага туршлагатай зэргийг нь харгалзан Сонгуулийн ерөнхий хорооны даргаар, Даваанямын Даваа-Очир нь эрх зүйч, хуульч мэргэжилтэй. Төрийн албанд 39 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд эдүгээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажилладаг. Төрийн албанд удирдах албан тушаал хашиж байсан, хууль, эрх зүйн өндөр боловсрол, мэргэжлийн ур чадвар, удирдах ажлын дадлага туршлагатай зэргийг нь харгалзан Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар томилуулахаар танилцуулсан юм.

  Пүрвээгийн Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий даргаар, Даваанямын Даваа-Очирыг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар томилохыг дэмжье гэсэн саналын томъёоллоор тус бүрт нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.    Ингэснээр уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэснээр хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …