Үндэсний өв, түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо үлдээх зорилгоор археологийн олдвор, түүхэн баримтад үндэслэн эртний Хархорум хотын өнгө төрхийг орчин үеийн виртуал технологийн шийдлээр дэлхийд дуурсагдах түүх соёлын үнэт өвийг бүтээжээ.
Виртуал Хархорум бүтээлийг 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 19 цагаас Youtube сувгаар үнэ төлбөргүй хүлээн авч үзэж цаг хугацааны 360 хэмийн аялал хийх боломжтой.
Энэхүү бүтээлээр XIII зууны монголчууд болон бусад үндэстний аж амьдралын нэгээхэн агшинг дэргэдээс нь тольдон 360 аялал хийн танилцах боломж олгож байна. Мөн www.tuuhsoyol.com-оос дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой юм.
Орчин үеийн дэвшилтэт технологиор бүтээсэн энэхүү төслийн гүйцэтгэгч байгууллагаар МУИС, Дижитал солюшнс, төслийг санхүүжүүлэгчээр Шинжлэх Ухаан, технологийн сан, Рио Тинто Монгол ажиллаж байна. Мөн дэмжигч байгууллагаар БШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Соёлын Өвийн үндэсний төв, “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл, Монгол Костюмс, Хархорум музей, Түмэн Хишигтэн, Окурус, Монгол Судлалын хүрээлэн, Эф Дабл Юү Медиа ажиллаж буй юм.
Ташрамд дурдахад, Чингис хааны зарлигаар 1220 онд Их Монгол улсын нийслэлийг Аураг ордноос Хархорум хотод шилжүүлэх зарлиг гарч, Өгөдэй хааны үеэс албан ёсны нийслэл болсон юм.
XIII зууны үед Хархорум хот Ази-Европ, Араб дахины аянчин жуулчин, албаны түшмэд, ихэс дээдэс, эрдэмтэн мэргэдийг өөртөө даллан дуудсан дэлхийн соёл иргэншлийг холбогч хотын үүргийг гүйцэтгэж байв.