Х.Нямбаатар:Шүүх Б.Хурц нарын хэдхэн хүнд дийлдэж, эрүүдэн шүүсэн яргын хэрэг шийдэгдэж чадахгүй өнөөдрийг хүрч байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдсан Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргах тухай Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:2019 оны гуравдугаар сарын 26-ний Засгийн газрын 115-р тогтоолоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн зарим бичлэгийг ил болгож олон нийтэд мэдээлсэн. Энэ хэрэг материал ил болсны дараа Т. Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нарыг Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаанд эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, тухайн үед ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын нэр бүхий есөн хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорт яллах дүгнэлт үйлдэж, харьяаллын дагуу Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн байгаа.

2019 оны наймдугаар сарын 12-19-ний өдөр анхан шатны шүүх хурал болж, хэргийг прокурорт буцаасан. Үүнээс хойш хэргийн оролцогч нарын зүгээс эрүүгийн хэргийн хянан шалгах ажиллагаанд маш олон удаагийн хүсэлт гаргаж, шүүх хурлыг хийлгэхгүй байх процесс явагдсан. Энэ хэрэгтэй холбоотой шүүх хурал зургаан удаа болсон ч өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдэхгүй байгаа.

Олон түмний нүдэн дээр эрүүдэн шүүсэн гэдэг баримт нь ил болж, тодорхой байхад Монголын шүүх үндсэндээ Б.Хурц нарын хэдхэн хүнд дийлдэж, эрүүдэн шүүсэн яргын хэрэг шийдэгдэж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Засгийн газрын тэргүүн энэ асуудлаар Т.Чимгээтэй гуравдугаар сарын 8-ний өдөр уулзсан.

Засгийн газар шүүхийн шийдвэр зөв, бурууг шүүх эрхгүй, тийм ч боломжгүй. Харин хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д заасан дөрвөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болно.

Дөрвөн үндэслэлийн хоёрт нь, шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон нь шүүхийн шийдвэрээр тогтоогдвол гэсэн үндэслэл байгаа. Эдгээр үндэслэлээр прокурорын байгууллагад шүүхэд шийдвэрийг хүчингүй болгоё гэж бичих бүрэн боломжтой.

Учир нь, хүний эрх маш ноцтой зөрчигдөж, хилсээр хүмүүс шүүхээр шийтгэгдэж, 20 жилийн ял авсан байх үндэслэл эрүүдэн шүүлтийн явцад тогтоогдсон.

2014 оноос эхлээд Т.Чимгээг Ц.Амгаланбаатараар дарамтлуулдаг, хориход ял эдэлж байсан бусад хүмүүсээр дарамтлуулдаг. Одоо үзүүлэх бичлэгт ялтан Т.Чимгээд мансууруулах бодисыг маш бага тунгаар хэрэглэж, ухаан мэдрэлгүй болонгуут нь хувцсыг тайлж, бүх талаас нь зургийг нь авч гэр бүлийнх нь хүн рүү явуулж, хуруу, гарын хээг нь авч, бусад хууль бус үйлдлүүд хийсэн нь баримтаар нотлогдож байна. Энэ бичлэгийг нууцаас гаргаж, олон нийтэд ил болгож байна. Т.Чимгээ өөрөө мөн зөвшөөрсөн байгаа. Энэ бүхэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, дээр нь Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг маш ноцтой зөрчсөн асуудал юм.

Өнөөдөр Т.Чимгээгээс миний нэр дээр хоёр утга илэрхийлсэн өргөдөл ирсэн.

Үүнд:

-Тэрэлж гэх зочид буудалд Т.Чимгээгийн эрхэнд бүдүүлгээр халдсан бичлэгийг дүрсийг нь бүдгэрүүлж, олон нийтэд гаргаж өгөх,

-Т.Чимгээг хоригдож байх хугацаанд охин нь автомашины ослоор амиа алдсан хэргийг дахин шалгаж өгөх тухай өргөдөл ирсэн.

Сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Захиалагчтай холбоотой хэргийг мөрдөж байгаа юу?

-Гуравдугаар сарын 8-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанд холбогдох байгууллага энэ хэргийн талаарх танилцуулгыг хийсэн. Танилцуулгаар захиалагчид холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хаагаагүй гэх мэдээлэл өгсөн.

-Хэрэг зургаан удаагийн шүүх хурлаар орсон ч шийдэгдээгүй тухай та хэллээ. Шийдэхэд саад болж байгаа хүмүүс нь яг хэн юм бэ?

-Эрүүгийн 830142 дугаартай хэргийг шалгах явцад Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нарт эрүү шүүлт тулгах, баримтжуулалтын ажлыг явуулж байхдаа гүйцэтгэх ажлыг хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй талаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгч, тэдний ар гэрийн зүгээс анх 2018 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УЕП, Тагнуул болон Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байдаг.

Цагдаагийн байгууллагаас 2018 оны долдугаар сарын 10-нд өргөдлийг хүлээн авч, гэмт хэргийн тоо бүртгэлд оруулан, УЕПГ-т өргөдлийг хүргүүлэхэд өргөдлийг АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн.

Ингээд АТГ хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 33.1, 251.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 2019 оны дөрөвдүгээр сард Цагдаагийн байгууллагад харьяаллаар нь шилжүүлсэн.

Дараа нь Б.Хурц нарын есөн этгээдэд эрүү шүүлт тулгасан, гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн нь гэрч хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон тул хэргийг 2019 оны зургадугаар сард Прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Дараа нь гуравхан өдрийн дотор Прокурорын байгууллага шүүхэд шилжүүлсэн байдаг. Энэ хэрэг Анхан болон Давж заалдах шатны шүүхэд зургаан удаа очсон ч шийдэгдэхгүй байгаа. Нөхцөл байдал тодорхой байхад шүүх бие бие рүүгээ шидсээр байна. Гэтэл эрүүдэн шүүгдсэн хүмүүс тэнд тарчлаад байж байна. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруу хүмүүс нь ял авчхаад байгааг үгүйсгэх аргагүй.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …