Энэ сарын 29-ний өдөр “Олон улсын энхийг сахиулагчийн өдөр” тохиож байна. НҮБ-аас “Олон улсын энхийг сахиулагчийн өдөр” болгон зарласан энэ өдрийг Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-д цэрэг хандивлагч орны хувьд ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчин нь анх 2002 онд цэргийн 2 ажиглагч офицерыг илгээснээс хойш өнгөрсөн хугацаанд дэлхийн 13 улс, мужид явагдсан 17 энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 19 мянга гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.
Өнөөдрийн байдлаар НҮБ-ын 13 энхийг сахиулах ажиллагаанд дэлхийн 119 орон цэрэг, цагдаагийн алба хаагч илгээж байгаагаас Монгол Улс 24 дүгээр байрт жагсаж байгаа нь хүн ам, Зэвсэгт хүчний боломжтой харьцуулахад томоохон үзүүлэлт юм.
Энхийг сахиулагчдын тоог хүн амдаа харьцуулахад дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэж байгаа гэсэн үг юм. Яг энэ цаг үед гэхэд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах болон олон үндэстний цэргийн нийт 7 ажиллагаанд 1100 гаруй алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. 2022 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин даян дэлхийд энхийг сахиулахаар цэрэг илгээж эхэлсний 20 жилийн ой тохионо.
Анх 1948 онд Араб Израилийн хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хянах үүрэг бүхий цэргийн ажиглагчдаас бүрдсэн НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн түүхтэй.
“Энхийг сахиулагчийн олон улсын өдөр”-ийн зорилго нь энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар хичээл зүтгэлийг алдаршуулах, энхийн үйл хэргийн төлөө амиа өгсөн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэхэд чиглэдэг юм.