Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны зээлийг мөрдөн шалгах асуудлаар мэдээлэл хийх үеэр сэтгүүлчдийн асуултад тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгийн өгсөн хариултыг хүргэе.
-АТГ-ын шалгаж байгаа Хөгжлийн банкны 52 зээлдэгч дотор хэн хэн байгаа вэ? Нэр дурдах боломжтой юу? Олон нийт тэдний нэрийг зарлахыг шаардаж байгаа.
-“Хөтөл” ХХК, “Бэрэн” групп, “Кью Эс Си”, “Ачлал трейд” зэрэг нэр бүхий компаниуд байгаа. Эдгээр компанийн нэрсийг манай байгууллага албан ёсны цахим хуудсандаа байршуулна.
-Эдгээр 52 нэр дотор УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, С.Бямбацогт нарын хамааралтай аж ахуйн нэгж байгаа юу?
-Дээрх нэр бүхий гишүүдийн нэгдмэл сонирхолтой компаниуд Хөгжлийн банкнаас зээл авсан. Энэ асуудлыг шалгана.
-УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин нарыг шалгах уу?
-Шалгана. Бүх зээлийг шалгана.
-Голомт банк, “Цэцэнс майнинг”-ийн зээлийн төлөлт ямар байгааг шалгаж үзсэн үү?
-Хөгжлийн банкнаас 60 сая ам.доллартой тэнцэх хэмжээний зээл авсан “Цэцэнс майнинг” ХХК-ийн асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
-Ер нь УИХ-ын гишүүдийн нэр оролцсон зээлийг АТГ ямар нэгэн дарамт шахалтгүйгээр шалгаж чадах уу?
-АТГ нь Авлигын эсрэг хуульд заасны дагуу хараат бус бие даасан байгууллага. Мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлсөн улс төрч байхгүй.
-“Эрдэнэс Монгол”-ын хөдөлмөрийн баатар н.Мөнхбаярыг шалгаж байгаа юу?
-“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
-“Монполимет”-ийн үйлдвэр барьж байгаа зээлийг шалгаж байгаа гэсэн. Энэ маягаар томоохон бүтээн байгуулалт хийж байгаа баялаг бүтээгчдийг ингэж хоморголон шалгаж байгаа нь ямар нэгэн улс төрийн захиалга уу гэсэн хардлага байгаа. Үүн дээр хариулт өгөөч.
-Хөгжлийн банкнаас ирүүлсэн 52 зээлтэй холбогдох аж ахуйн нэгжийн дунд дээрх компани байсан. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Ийм учраас уг компанийн зээлтэй холбоотой асуудлыг шалгуулахаар ирүүлсэн тул манай байгууллага чиг үүргийн хүрээнд бусад компаниудын адил холбогдох шалгалтын ажиллагааг явуулна. Шалгаж байгаа гэдэг нь гэм буруутай гэж шууд ойлгож болохгүй. Энэ зээл нь чанартай, зориулалтын дагуу зарцуулагдсан, хууль журамд нийцсэн эсэх нь шалгалтын ажиллагаагаар тогтоогдоно. Шалгаж байгаа учраас холбогдох хүнээс хуулийн хүрээнд мэдүүлэг авах нь мөрдөн шалгах нэг ажиллагааны төрөл.
-Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэд хэдэн хэрэг хэрэгсэхгүй болсон. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч хохирол барагдуулах ажил хийгдсэн үү?
-Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэрэг бий. Жишээ нь Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатыг шүүхээс гэм буруутайд тооцож улмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдсэн байдаг. Харин түүний албан тушаалдаа ажиллаж байхдаа давуу байдал олгосон нэр бүхий компаниас 8 тэрбум орчим төгрөгийг Хөгжлийн банканд буцаан төлөх шийдвэрийг гаргасан байдаг. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хуульд заасан чиг үүргийн хүрээнд учирсан хохирлын хэмжээг бодитоор тогтоох, нотлогдвол зохих байдлыг прокурорын хяналт доор шалгаж тогтоодог, улмаар прокурорын байгууллагаас нотлогдвол зохих ажиллагаа хийгдсэн байна нотлогдсон байна гэж үзсэн тохиолдолд шүүх рүү шилжүүлдэг. Шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргадаг. Шүүхийн гаргасан шийдвэрийг биелүүлэх чиг үүрэг бүхий бие даасан төрийн байгууллага шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг.
-Хөгжлийн банкны зээлийг олгож, чанаргүй зээлийн тоог нэмсэн Хөгжлийн банкны удирдлагуудад ямар хариуцлага тооцох ёстой вэ? Тэдний илэрхий буруутай үйл ажиллагаа байгаа шүү дээ.
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хөгжлийн банкны албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж зээлдэгч нарт хууль бус давуу байдал олгосон нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
-Хөгжлийн банкны хэргээр шүүхээр шийдэгдсэн хэчнээн, ямар ямар хэрэг байгаа вэ?
-Э.Бат-Үүл болон “Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөр, ТОСК-ийн захирал А.Гантулга, хэлтсийн дарга асан н.Батбаатар, н.Гэрэлт-Од нарын албан тушаалтнууд мөн Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэргүүд шүүхээр шийтгэгдсэн.
Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг мөрдөн шалгаад шүүхийн байгууллагад шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1, 3.1.5-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12-р зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар /хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглахад хамтран оролцсон/ 2 жил хорих ял. 2002 оны Эрүүгийн хуулийн 263-р зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял. Өөрөөр хэлбэл Э.Бат-Үүл нийт 4 жилийн хорих ял, 3 жил нийтийн албанд эрхээ хасуулж шийтгэгдсэн. Бусад шүүгдэгч нар нь мөн Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр шийдэгдсэн. Шүүгдэгч Э.Бат-Үүлээс 663.900.000 төгрөг, шүүгдэгч Б.Чулуудайгаас 663.900.000 төгрөгийг гаргуулахаар шийдсэн. Иргэний хариуцагч “Бэрэн” групп ХХК-аас 9 тэрбум төгрөгийг тус тус гаргуулж ТОСК-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Мөн бусад хэргийн холбогдогч нар буюу шүүгдэгч нараас тус тус хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
-Зээлтэй холбоотой шүүхийн маргаан шийдэгдэхгүй хугацаа сунжирч байгаа мэдээлэл бас бий. Энэ тал дээр АТГ ямар нэгэн ажиллагаа хийх үү?
-Шүүх өөрөө хараат бус байгууллага. Шүүх аливаа маргааныг хуулийн хүрээнд хараат бусаар хянан шийдвэрлэх ёстой. Энэ шүүхийн хэрэг маргаан шийдвэрлэж байгаа асуудалд хөндлөнгөөс хэн ч оролцох эрхгүй. Ийм учраас АТГ шүүхийн маргаан хянан шийдвэрлэж байгаа ажиллагаанд хөндлөнгөөс оролцох ямар ч боломж байхгүй.