Бусдын толгой дээр кофе асгаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутныг сургуулиас хасах тухай саналыг оюутнууд сургуулийн захиргаандаа хүргүүлсэн билээ.
Уг санал болон оюутны гаргасан үйлдлийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа өнөөдөр хуралдаж шийдвэрээ гаргажээ.
Хурлын шийдвэрийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, багш С.Нарангэрэл нар танилцуулав.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа “МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн Захиргааны зөвлөлийн хурлаар зөвлөлдсөний үндсэнд тухайн оюутныг МУИС-ийн хуулийн сургуулиас хасах тухай саналыг МУИС-ийн захиргаанд хүргүүлэхээр боллоо.
Энэ бол хүмүүнлэг харилцааны наад захын хэм хэмжээг бүдүүлгээр, ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа учир МУИС-ийн оюутны эгнээнээс хасах саналыг хүргүүлж байгаа юм.
Мөн зөвхөн энэ тохиолдлоор хязгаарлахгүйгээр МУИС-ийн оюутнуудын ёс суртахууны боловсрол хуульчийн мэргэжлийн удирдлагын удиртгал хичээлийг өмнө ордог байсан. Энэ хичээлийг сэргээж, хуульчийн мэргэжил нийгэмд ямар нөлөө үзүүлдэг, чухал болохыг сайтар ойлгуулах болно. Цаашид бид оюутнуудаа сонгон шалгаруулж элсүүлэхдээ ямар зүйлийг нэмж хийх ёстой вэ анхаарах ёстой талаар ярилцлаа.
Манай сургуулийн оюутнууд шилдэг оюутнууд байгаа. Энэ олон хүн дотроос ёс суртахууны доголдол гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ байдал дээр системтэй арга хэмжээнүүдийг авч явна ”гэлээ.
Хууль зүйн сургуулийн багш С.Нарангэрэл: Монгол Улсын дээд боловсролын тухай хуулийн 6.2-т тухайн оюутан сургуулийн дотоод дүрмийг биелүүлнэ. Мөн тус хуулийн 45.2-т сургуулийн дотоод дүрэм журмыг хүндэтгэнэ гэж заасан. МУИС-ийн дүрэмд “Суралцагч ёс зүй, эерэг зан үйлийг чандлан сахих, эрдмийн нэр хүндийг хүндэтгэх үүрэгтэй” гэж заасан.
Хүний ёс суртахуун эелдэг харьцааны наад захын хэм хэмжээг ноцтой бөгөөд бүдүүлгээр зөрчсөн. Цаашдаа ийм үйлдэл гаргаж байгаа залууст эрх зүйчийн диплом өгөөд, Монголын ард түмний хувь заяаг шийднэ гэсэн итгэл алдагдсан учраас ийм шийдвэр гаргалаа.
Гэмт хэрэг үйлдсэний гэм буруутайг шүүх тогтоох хүртэл хэн ч гэм буруугүй гэдэг заалт үүнд хамаарахгүй. Энд ёс суртахууны тухай, тэр тусмаа ирээдүйн хуульч болох хүний тухай яригдаж байгаа гэдгийг хэлмээр байна.