Нийслэлийн Засаг дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөс найман чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 72.9 хувьтай биелжээ. Мөн Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ дагуу хөрөнгө оруулалтын ажлын явцыг танилцуулсан юм. 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар нийслэлд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сан, бусад төсвийн эх үүсвэрүүдээр хэрэгжих 393 төсөл, арга хэмжээ байгаа. Эрх шилжүүлэх ажлын хүрээнд 393 төсөл, арга хэмжээнээс 356 төсөл, арга хэмжээг шилжүүлж, 37 төсөл арга хэмжээ эрх шилжүүлэх бэлтгэл шатандаа, гүйцэтгэл 90 хувьтай байна.
Нийслэлийн Засаг даргаас эрх шилжсэн 81 захирамжаар 386 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаас 253 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зарлаж, 109 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагдаагүй. Нийслэлийн хэмжээнд тендер сонгон шалгаруулалт 61.7 хувьтай байна.
Нийтийн эдэлбэрийн зам талбайд худалдаа хийх 340 байршлыг гаргажээ
Нийслэлийн хэмжээнд 74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй болсон. Үүнтэй холбоотойгоор нийтийн эдэлбэрийн зам талбайд худалдаа хийх байршлыг тодорхойлон, тохижилтын ажлын даалгавар боловсруулах үүргийг Нийслэлийн Засаг дарга өгсөн.
Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга М.Шижирбаяр “Нийслэлийн есөн дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлж болох 340 байршлыг гаргаж, холбогдох даалгавар, худалдаа, үйлчилгээ эрхлэх түр байр нь ямар байх вэ гэдгийг судалж, дүүрэг бүрд өдөр, оройн цагаар ажиллах байршлуудыг гаргасан” гэв.
Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва “74 зөвшөөрлийг цуцалснаар хоёр сарын хугацаанд 700 орчим зөвшөөрөл авдаг байсан бол 1200 гаруй иргэн, хуулийн этгээд зөвшөөрөл авч, бизнес эрхлэх боломж 60 хувиар нэмэгдсэн. Энэ хугацаанд 46.2 мянган иргэн “Онлайн бизнес төв”-ийн системд хандсан байна” гэлээ.