Он гарсаар ой, хээрийн гал түймрийн 59 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Батширээт, Норовлин сумдын нутагт ойн түймэр гарч, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна.
Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр багийн “Ононгийн живхээртэй-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т ойн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр /2022.05.18/ өдрийн 15:21 цагт ирсний дагуу ОБЕГ-ын даргын тушаалаар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэргээр шуурхай бүлгийг түймрийн голомтод хүргэсэн.
Мөн тус сумын ЗДТГ-ын Байгаль хамгаалагчаар ахлуулсан орон нутгийн иргэд, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид автомашинтайгаар түймрийн голомтод очиж, 21:51 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түүнчлэн Хэнтий аймаг Норовлин сумын Онон-3 дугаар багийн нутаг “Баянгол Баруун жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 235 км, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг өдрийн 16:56 цагт хүлээн авсан. Түймрийн голомтод Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн иргэд, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул сумын ЗДТГ-ын ажилтнууд ажиллаж, ойн түймрийг мөн өдрийн 23:00 цагт цурманд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.