Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өчигдөр /2022.06.08/ тархины саажилттай хүүхэдтэй эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Энэ үеэр Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Эцэг эхчүүдээ маш сайн ойлгож байна. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос уналт таталтын эсрэг зарим нэр төрлийн эмийг үнэгүй олгох эмийн жагсаалтад оруулах талаар судалж, 2023 оны төсөвт суулгаж шийдвэрлүүлэхийг Эрүүл мэндийн сайдад чиглэл болгосон” хэмээлээ.
Улсын Их Хурлын 2020 оны ээлжит бус чуулганаар Нийгмийн бодлогын байнгын хороо Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2020.11.01-нээс хөнгөлөлтэй эмийг эрүүл мэндийн даатгалын сантай гэрээтэй эмийн сангуудаар олгохоор зохицуулсан. Энэ хүрээнд 2020 оны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 13 дугаар тогтоол батлагдаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн уналт таталтын эсрэг 18 нэршлийн эмийг 50-70 хувийн хөнгөлөлттэйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор болсон. 2021 онд уналт таталтын эсрэг эмэнд 234.7 сая төгрөгийн хөнгөлөлт, 2022 онд 96.4 сая төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл мэндийн Даатгалын сангаас тус тус олгосон байна.