Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа.
Тогтоол батлагдсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар мэдээлэл хийсэн юм.
Манай улс гол нэрийн 16 төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс малын мах, улаан буудай, гурил, төмсийг дотоодоосоо 100 хувь хангаж байна. Харин сүүн бүтээгдэхүүн 27 хувь, гурилан бүтээгдэхүүн 38 хувь, хүнсний ногоо 38 хувь, өндөг 48 хувь, цөцгийн тос 67 хувь, тахианы мах 98 хувь, ургамлын тос 98.5 хувийн импортын хамааралтай байна. Мөн байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тариалах боломж хязгаарлагдмал буурцагт ургамал, бүх төрлийн будаа, элсэн чихэр, загас, загасан бүтээгдэхүүнийг 100 хувь, хүнсний сав баглаа боодлын үндсэн түүхий эдийн 95 хувийг импортоор авдаг. Өнгөрсөн онд манай улс 962 сая ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгийн хүнсийг импортолсон бөгөөд жилд дунджаар 2.5 их наяд төгрөгийн импорт хийж байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахлын улмаас манай улсын хүнсний хангамжийн тогтвортой байдалд эрсдэл бий болж байна.
Судалгаагаар манай улс 2030 он хүртэлх хугацаанд малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн хангаж жилд дунджаар 95.4 мянган тонн малын мах, 54.6 мянган тонн махан бүтээгдэхүүн, 288 мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүн, 111 мянган тонн гурил, 21 мянган тонн гурилан бүтээгдэхүүн экспортлох боломжтой байгаа тухай тооцоолол бий.
Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангахад зөвхөн хүнс хөдөө аж ахуйн салбар бус улсын хэмжээнд нийт салбарын хүрээнд хамтран ажиллах, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын хангах чиглэлээр нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай учир Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
Тогтоолын төсөл ийнхүү батлагдсанаар дотоодод үйлдвэрлэх хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтворжуулж, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах зэрэг хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэж байна.
Хүнсний хангамж, аюулгүй байдлыг бий болгох чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
- Хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар шийдвэрлэх,
- Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг бий болгох,
- Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх,
- Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх,
- Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх,
- Бэлчээрийн даацыг тооцон малын тоо толгой толгойг зохих түвшинд барих, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх,
- Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх,
- Хүнсний сүлжээний бүх шатанд хяналт баталгаажуулалтыг тодорхой болгож итгэмжлэгдсэн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх,
- Дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох,
- Хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж, ирэх 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах юм.