Манай улсад үйл ажиллагаа явуулж буй олон шашны урсгалууд бий. Ардчилсан улсын хувьд шашин шүтэх, эсэх шүтэх нь тухайн хүний эрх хийгээд ухамсарын асуудал. Гэвч олон шашны урсгал манай оронд нэвтэрсэн нь нийгэмийн оюун санаанд нөлөөлөөд зогсохгүй, соёл зан заншил, үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх хэмжээнд хүрч байгааг судлаачид хэлж, шүүмжлэлттэй ханддаг. Үүнд төрийн зүгээс анхаарал хандуулж байсан удаагүй юм. Харин ч төр өөрөө гадны шашны урсгалыг хөхүүлэн дэмжиж ирсэн байдаг. Түүний нэг нь Мүүний шашин юм. Монголд 1994 онд нэвтэрсэн бөгөөд “Эв нэгдлийн Монголын сүм” нэрээр 2000 онд Нийслэлийн иргэдийн хурлын 115 дугаар тогтоолоор шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч байжээ. Энэ шашин Монголд үйл ажиллагаа явуулснаас хойш 20 мянга гаруй оюутан залуус элсэж, цөөн хэсэг нь шашны үйл хэрэгтээ идэвхтэй зүтгэж байгаа гэдэг албан бус мэдээлэл байна. Энэ шашин нь 1940-өөд оны үеэс Солонгосын Сан мён мүүн гэгч эрээс үүсэлтэй ажээ. Сан мён мүүн нь 1920 онд төрсөн бөгөөд тэрбээр 1936 онд 16 настайдаа Есүстэй уулзсан гэх яриаг БНСУ-ад дэгдээснээр түүний шашны үйл хэрэг эхэлж байжээ. Тэрбээр өөрийгөө “Би Есүс Христийн хоёрдагч төрөл. Хүн төрөлхтөн бүгд нүгэлтэй учраас миний үгээр явах ёстой” гэж үзэл баримтлалыг номлодог байна. Энэ бол Мүүнийн шашны гол үзэл юм. Дээрх шашны үйл ажиллагаанд оролцож, гишүүнээр элсэж байсан залуустай уулзаж, мэдээлэл солилцсон ч ярилцлага өгөхөөс татгалцаж байсан юм. Учир нь олон нийтэд ил гарахгүй гэдгээ тайлбарлалаа.
Мүүнд элссэн залуус юу хийдэг вэ?
Мүүнийхэн Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад төдийгүй Өвөрхангай, Дорнод, Ховд гээд 10 гаруй аймгуудад салбараа нээн ажлуулж буй юм. Мүүнд элссэн оюутнуудыг 3-4 өрөө байр хөлслөн тэнд нь амьдаруулдаг ажээ. Нийслэл хотод гэхэд тэдний амьдардаг ийм байрууд 10 гаруй байдаг гэнэ. Эрэгтэй, эмэгтэйчүүд нь тус тусдаа өрөөнд амьдардаг. Өглөөний 05:00 цагт босч дуу дуулж, мөргөл үүлдэх ёстой. Түүнээс хойш бараг унтахгүй. Өдөр нь гадуур гарч бараа зарна. Үүнийгээ тэд “фандрайзинг” гэж нэрлэдэг байна. Оюутнууд бараа зарж, “фандрайзинг” хийснээрээ хүмүүсийн сайн сайхны төлөө хийж буй үйлдэл хэмээн шашны номлогчид нь сургадаг ажээ. Учир нь олсон мөнгийг нь нийтийн сайн үйлсэд зарцуулах тул, бурханд өгч буй өргөл хэмээн үздэг байна. Тиймээс их бараа зарж, мөнгө их олсон нь сайшаал хүртдэг гэнэ. Хямд үнэтэй бал, дэвтэр зэргийг үнэ нэмж зарахаа ингэж нэрлэж буй юм. Монголд сайн бараа зарж, үнэнч зүтгэсэн залуус Солонгос, Япон, АНУ явж өнөөх л бараа зарах ажлаа өдөр шөнөгүй хийдэг ажээ. Залуус сараар төдийгүй, хэд хэдэн жилээр явж бараа зарах ажлаа хийх нь бий. Ингэж гадаад орнууд руу гаргахдаа төсөл хөтөлбөр, соёлын солилцоо нэрээр гаргадаг байна. /Гадаад орнууд руу гаргахад нь Гаалийн ерөнхий газрын дарга асан Д.Цэвээнжав тусладаг гэх. Тэрбээр энэ шашныг дэмжигчдийн нэг юм/ Өдөр бүр бараа зарж, өглөө эрт босч мөргөл үйлддэг тул хичээл сургуульдаа явах цаг хомс байдаг ажээ. Иймд хичээлээ хийхгүй байх, завсардах, хичээлдээ ирээд унтах нь энгийн үзэгдэл гэнэ. Шашны гишүүд телевиз үзэх нь хүртэл цаг хязгаартай байдаг байна. Учир нь хайр дурлал болон цугаа цэнгээнтэй холбоотой нэвтрүүлэг, кино үзэхийг шашны зан үйлд нь хориглодог ажээ.
Хууран мэхлэх аргаар шашиндаа урвуулна
Мүүнийхэн хэзээ ч өөрсдийгөө энэ нэрээр дууддаггүй юм байна. Эв нэгдлийн сүм ч гэж нэрлэдэггүй ажээ. Дотоод гишүүдийнхээ хүрээнд дээрх нэрсийг ашиглахаас гишүүн бус хүмүүстэй Эв нэгдлийн хөдөлгөөн гэдэг нэрээр танилцуулдаг ажээ. Шашныхаа “үнэнч дагагч” болгохын тулд олон “башир” аргыг эднийхэн хэрэглэдэг гэдгийг гишүүнээр элсэж байсан залуус хэлж байгаа юм. Гудамжинд явж байхад нь, эсвэл сургуулийн клуб холбоодоор дамжуулан шашныхаа үйл ажиллагаанд татан оролцуулдаг байна. Мүүний шашныханы удирддаг төрийн бус олон байгууллага байдаг ажээ.“Оюуны эрэл” оюутны холбоо нь хүнлэг үзэл, ёс суртахуунлиг иргэн бэлтгэх нэрийдлээр оюутнуудыг Мүүнийн шашиндаа урвуулахыг хичээдэг байна. Харин сурагчдыг өөрийн шашиндаа оруулах ажлыг “Залгамжлагч холбоо” төрийн бус байгууллага гүйцэтгэдэг ажээ. Гэр бүлийн Монголын холбоо, Энхийн төлөө үйлчлэхүй гээд шашны үйл хэрэгтээ залуусыг татан оруулахад нь гар бие болон оролцдог байгууллага олон байдаг байна. Тухайлбал “Оюуны эрэл” оюутны холбооны салбар клубүүд МУИС, ШУТИС, ХААИС зэрэг томоохон сургуулиудад байгуулагдаж үйл ажиллагаа явуулж буй юм. МУИС-д “MUST-Оюуны Эрэл” нэртэй клуб байгуулагдсан байх жишээтэй. Мүүнийхэний гол “зах зээл” нь оюутан залуучууд юм. Оюун санаа үзэл баримтлал нь төлөвшөөгүй хөдөө орон нутгаас ирсэн их дээд сургуулийн I, II курсын оюутнуудыг удирдагч бэлтгэх сургалт, танин мэдэхүйн лекц сонсгох нэрийдлээр урьдаг байна. Гэхдээ шууд Мүүний сургаалийг заагаад эхлэхгүй. Дээр хэлсэнчлэн танин мэдэхүйн лекц уншиж, шинэ оюутнуудыг өөрсөддөө татсаныхаа дараагаар Мүүний сургаалийг зааж эхлэдэг ажээ.
Хуримлах ёслол ба “адислал”
Мүүний шашны залуусыг хайр сэтгэлийн харилцаа үүсгэхийг хатуу хориглодог байна. Учир нь эцэг Мүүнийн сургаальтай шууд холбоотой юм. Товчхондоо түүний сургаальд, “Адам, Ева нар нь цаг бусаар бэлгийн харьцаанд орсон тул хүн төрлөхтөн эхээс төрөхдөө нүгэлтэй төрсөн, эхнэр нөхрөө сонгох чадваргүй байдаг” хэмээн үздэг ажээ. Иймд ноён Мүүн гишүүддээ эхнэр, нөхрийг нь сонгон өгдөг ажээ. Эцэг Мүүнээр эхнэр, нөхрөө сонгуулахыг “адислал хүртэх” хэмээн нэрлэдэг юм байна. Мүүний шашинд гишүүнээр элсэж идэвхтэй үнэнч явсан бол 2-3 жилийн дараа “адислал хүртэх” эрхтэй болдог аж. Адислал хүртэх эрхтэй гишүүн нь өөрийн зургаа Мүүн удирдагчийн зүг илгээнэ. Эрхэм Мүүн нь хэдэн мянган эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаас адислал хүртээх ёсоо үйлддэг ажээ. Мүүнийн шашин, Дэлхийн Эв Нэгдлийн Хөдөлгөөнийг үндэслэгч Сан Мён Мүүн өнгөрсөн оны есдүгээр сарын 3-ны өдөр 92 насандаа таалал төгссөн тул түүний үйл хэргийг эхнэр Хак Жа Хан Мүүн болон ойрын дагалдагч нар үргэлжлүүлж буй ажээ. Түүнийг таалал төгссөнтэй холбоотойгоор БНСУ-ын Дэлхийн энх тайвны төв ордонд 3500 хос гэрлэлтээ батлуулжээ. Тус ёслолд Монголын иргэн Баатарын Чулуун гэх эмэгтэй оролцож адислал хүртжээ. Түүнчлэн Сан мён мүүнийг таалал төгссөнтэй холбоотойгоор гишүүд нь амиа хорлосон талаар гадны хэвлэлүүд мэдээлж байсан юм. Ноён Мүүнд өөрийгөө өргөл болгон өгч буй хэмээн ийнхүү амиа хорлоход хүрсэн байна. Монгол залуус жил бүр дээрх адислалын арга хэмжээнд оролцдог аж. Монголчуудыг хооронд нь адислахаас гадна БНСУ, Япон, Филипин зэрэг олон орны иргэдтэй адислал хүртээсэн байдаг байна.
Сул дорой Монголчууд ба харийн соёл
Мүүнийхэн 2013 оныг маш чухал он тоолол хэмээн үзэж байсан юм. 2007, 2008 оны үед “Монгол Улсад 2013 он гэхэд бүх хүмүүсийг эв нэглийн хөдөлгөөнд оруулж дуусна. Тэр үед Монгол Улс нүгэлээс аврагдаж, энх тайван бий болно. Хүмүүсийг эгнээндээ нэгтгэж чадахгүй бол зовлонд унана” гэсэн утгатай номлолыг айлдаж байв. Гэвч өнөөдөр 2014 оны босгон дээр ирээд байна. Монголчууд аврагдсан уу, аль эсвэл ангал руу унахаар болов уу? Тэдний энэ сургаал бол Мүүний зохиолын нэг хэсэг нь. Мүүнийхэн Монголд нэвтэрсэнээс хойш 20 жилийн ойтойгоо золгох гэж байна. Энэ хугацаанд чамгүй их хөрөнгөтэй болж амжжээ. XIII хороололд байрлах дөрвөн давхар барилга, XIX дүгээр хороололд томоохон заалтай хоёр давхар барилга бий. СУИС-ийн урд байрлах Чам Зон гоо хүрээ төвийн ихэнх нь Мүүнистүүдийн эзэмшил. Энд дээрх байгууллагуудын удирдлагууд суудаг юм байна. Түүнчлэн Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт орших Баянгол амралтын газар /мөрөөдөл зуслан/ энэ байгууллагын эзэмшил. Тус амралтанд оюутан залуусыг зуны турш ээлж ээлжээр аваачин, өдөр шөнөгүй Мүүнийн сургаалийг номлодог ажээ. Тэр ч бүү хэл залуусыг “дахин төрүүлэх”, “нүгэлийг нь ариусгах” гээд санаанд оромгүй зүйлийг хийлгэдэг байна. Өндөр чулуун дээрээс ар нуруугаар нь унагах, ар тийш нь ус руу түлхэх зэрэг үйлдлүүдийг хийлгэдэг ажээ. Мүүнд итгэж байвал ус руу унах ёстой, унаагүй тохиолдолд чи Мүүнд итгэхгүй байна хэмээн зэмлэдэг байна. Дээрх энэ бүх хачирхалтай зан үйлүүдийг Сан мён мүүн “Үнэн үг” номондоо тодорхой дурьдсан байдаг ажээ. “Үнэн үг” ном нь бусад шашны байгууллагын судар шиг номын сангуудаар зарагддаггүй, зөвхөн өөрийн гишүүддээ зориулагдсан байдаг байна. “Үнэн үг” номын төгсгөлд ийм нэгэн ишлэл байх ажээ. “Сан мён мүүн миний бие Солонгос хүн болж төрсөн учраас хүн төрлөхтөн ч энэ хэлийг эзэмших ёстой” гэжээ. Тэгэхээр Монголчууд ч Солонгос хэл сурах ёстой гэнэ. Хүн төрлөхтний хэл Солонгос хэл байх ёстой ажээ. Ийм соёлыг түүний үнэнч залгамжлагчид Монголчуудад дэлгэрүүлээд дариу 20 жилийн хугацаа өнгөрчээ. Мүүнистийн шашинд олон жил явсан нэгэн эмэгтэйн хэлснээр “Мүүнийн шашинд орсон оюутан залуус гол төлөв шашныхаа ажил, бараагаа зарах, сургааль номлолоо унших, мөргөл үйлдэх гээд хичээл номондоо суралцах нь багасдаг. Шашинд идэвхтэй явсан залуусын ихэнх нь хичээл номноосоо завсарддаг. Мэдлэг боловсролгүй, хоосон шүтлэгээс өөр зүйлгүй суль дорой нэгэн болдог” талаар ихэд гомдлонгуй ярьж байв. Мүүний шашинд олон жил идэвхтэй явсаныхаа дараагаар гарсан олон залуус хохирч хоцоржээ. Учир нь сургуулиасаа завсардах, эзэмшсэн мэргэжил боловсролгүй болж хоцорх тохиолдол цөөнгүй байдаг байна. Одоогоор “Эв нэгдлийн Монголын сүм”-ийн тогтмол үйл ажилгаанд 600-700 оюутан оролцож байна.
Т.Түвшин “Улс төрийн тойм сонин”