Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2014 онд шалгах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагыг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн сонгож олон нийтэд зарлаж байна.
2013 оны 11 дүгээр сарын байдлаар хяналт шалгалтын объектуудад а) 64029 /давхардсан тоогоор/ дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд, б)БТКУС-ийн код бүхий импортын нийт 5715 бүтээгдэхүүнд ээлжит эрсдэлийн үнэлгээг хийлээ.
Нийт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанаас хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийгмийн аюулгүй байдалд учруулж болзошгүй эрсдэл их 12149 /19%/, эрсдэл дунд 38557 /60%/, эрсдэл бага 13323 /21%/ объект тус тус үнэлэгдсэн байна.
2011, 2012 оны эрсдэлийн үнэлгээтэй харьцуулж үзэхэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, эрсдэл 6990 объектод буурсан.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрсдэлийн үнэлгээнд хамрагдан, хяналтад байх нийт 64029 /давхардсан тоогоор/ аж ахуйн нэгж, байгууллагаас 2014 онд эрсдэл өндөртэй үнэлэгдсэн 11672 аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийх, 6589 аж ахуйн нэгж, байгууллагад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.
Аж ахуйн нэгж, байгууллагууд нь мэргэжлийн хяналтын байгууллагаас 2014 онд хийх шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдах эсэхээ мэдэхийн тулд www.inspection.gov.mn вэбсайтын “Хяналт шалгалт” цэсний “Хяналт шалгалтын төлөвлөгөө” хэсэгт байршуулсан аймаг, нийслэлийн нэр дээр дарж татаж авна.
Улсын байцаагч нь хяналт шалгалтыг зөвхөн хяналтын хуудсаар хийх ба аж ахуйн нэгж, байгууллагууд уг хяналтын хуудсыг Мэргэжлийн хяналтын байгууллагын www.inspection.gov.mn вэб сайтын “Хяналт шалгалт” цэсний “Хяналтын хуудас” хэсгээс үнэ төлбөргүй татан авч ашиглах боломжтой. Гэхдээ 2013 оны 12-р сард зарим хяналтын хуудсанд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн батлуулахаар төлөвлөж байгаа болно.
2014 оны мэргэжлийн хяналтын шалгалтад хамрагдсан бүх аж ахуйн нэгж, байгууллагуудад хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулна. Сургалтын агуулгад хяналтын хуудсаар илэрсэн зөрчлүүд, түүний шалтгаан, тухайн байгууллагад ирээдүйд учирч болох эрсдэл, эрсдэлийг бууруулах, арилгах талаар судалгаа шинжилгээний үндэслэлтэй зөвлөмжүүд орно.
Зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдах объект нь 2014 оны шалгалтад хамрагдаагүй, эрсдэлтэй үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгч байна. Зөвлөн туслах үйлчилгээнд нэг байгууллагад 1 өдөр зарцуулах ба энэ нь шалгалт биш зөвлөх, туслах, дэмжлэг үзүүлэх зорилготой байна.
ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН БАГ (264178)
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл