Монгол Улсын марафонч охин Азийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээний 10 мянган метрийн зайд хүрэл медаль хүртэж, Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо.
Энэ амжилт бол Азийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээний задгай зайн төрөлдөө авсан Монгол Улсын анхны медаль билээ. Түүний олон жилийн хүч хөдөлмөрөөр олдсон энэхүү амжилтад иргэд ихэд бахдан “Дорнын их талын сүрэг олон зээр шигээ гүйдэг яахын аргагүй дэлхийн марафонч байна” хэмээн баяр хүргэсээр байна. Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагч, ОУХМ, ахлагч Баярцогтын Мөнхзаяатай цахимаар холбогдож сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Танд баяр хүргэе, үнэхээр сайхан мэдээ байлаа …
-Маш их баярлалаа. Тайландын нийслэлийн Бангкок хотноо долоодугаар сарын 12-16-ны өдрүүдэд Азийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн 25 дахь удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн 10 км буюу 10 мянган метрийн төрөлд оролцоод 33:24:79 цагийн амжилтаар хүрэл медаль хүртлээ. Медаль хүртээд зогсохгүй өөрийнхөө 2014 онд БНСУ-ын Инчеон хотод зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнээр шинэчилсэн Монгол Улсын рекорд амжилтыг дахин 7 секундээр урагшлуулж чадлаа. Анх энэ амжилтыг манай улсын шилдэг марафонч Л.Отгонбаяр эгч эзэмшдэг байсан бол 2014, 2023 онуудад тус тус миний бие дахин шинэчилсэн гэсэн үг.
-Тэмцээнийхээ талаар тодотгохгүй юу, өрсөлдөгч нар мэдээж хүчтэй байсан байх …
-Тэгэлгүй яах вэ. Энэ удаагийн тэмцээн Хөнгөн атлетикийн Азийн холбооных нь 50 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог. Орон орны хамгийн шилдэг гэсэн хөнгөн атлетикийн тамирчид оролцож байна. 10 мянган метрийн зайд гэхэд дэлхийн 11 орны тамирчинтай өрсөлдсөн ба тэдний олонх нь замаа ердөө 30-32 минутад туулдаг амжилт тогтоосон өндөр зэрэглэлийн хүчтэй залуус. Эхний нэг, хоёрдугаарт байрт шалгарсан Японы тамирчид гэхэд 31, 32 минут, Казахстаны нэрийн өмнөөс оролцсон Кенийн тамирчин гэхэд 30.17 минутын амжилттай. Харин тэмцээний өдөр аз од минь гийж, бас бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт өндөр байсны хүчинд дэлхийн шилдэг тамирчдыг ардаа орхиж чадсандаа баяртай байна.
-Та бүр эхний 6000 метрийн тойрогтоо өнгөлж байсан шүү дээ…
-Гараанаас гараад таван тойрог яваад уралдааны явцыг том дэлгэцээр харахад миний бие Японы хоёр тамирчны хамт тэргүүнд нь гүйж байсан. Үүнээсээ маш их урам зориг авч, түрүүлэх боломж надад байна гэж итгэсэн. Тэр эрчээрээ ч амжилттай гүйсэн. Харамсалтай нь барианаас ердөө 2000 метрийн өмнө Японы тамирчинд гүйцэгдсэн. Тайланд нь халуун дулаан уур амьсгалтай учраас гүйх тусам бүгчим болж байсан нь үүнд бас нөлөөлсөн байх. Эх орондоо хүйтэн сэрүүн нөхцөлд гүйгээд сурчихсан, халуун байсан ч сэвэлцсэн салхитай бол энд өдөртөө 30 хэмээс буурдаггүй юм байна. Гэхдээ хувьтай хүн хур борооноор гэдэгчлэн уралдааны өмнөхөн бороо орсон нь надад тааламжтай байлаа.
-Эхний хоёр байраас ердөө 25 болон 6 секундын зөрүүтэй нь 10 км-ын замд хол зөрүү биш гэдгийг дэлхийн хэвлэлүүдээр онцолсон байсан …
-Баярлалаа. Бэлтгэл сургалт болоод улсын аваргын үеэр голчлон 34 минутын амжилттай гүйдэг байсан, харин Тайландад ирээд хэдий цаг агаарын хувьд халуун бүгчим байсан ч өөрийгөө бүрэн дайчилж, 2014 онд тогтоосон рекорд амжилтаа дахин шинэчилсэндээ баяртай байна.
-Барианд орж ирэхэд юу бодогдож байв?
-Тэргүүлж гүйж байсан болохоор “Надад аварга болох боломж байсан шүү дээ” гэсэн өөртөө бага зэргийн гомдолтой ч гэх юм уу тийм байсан. Шагнал гардуулах ёслолын үеэр ч гэсэн төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн бол монголчууд минь ямар их баярлах байсан бол гэж бодогдоод л. Гэхдээ олон жилийн хүч хөдөлмөрөө амжилтын мэдээгээр өнгөлсөндөө баяртай байна. Үүнд дасгалжуулагч багш, миний хань, ОУХМ Б.Доржпалам, Х.Уянга багш болоод “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хамт олон, хайртай гэр бүл, Дорнод нутгийн минь зон олон, найз нөхөд, спорт дэмжигчдийн итгэл найдвар, урам зориг намайг хурцалж, энэ амжилтыг гаргахад нөлөөлснийг онцлох учиртай.
-Манай улсаас хэдэн тамирчин оролцож байгаа юм бэ?
-Монгол Улсаас миний бие болон “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Солонго, Д.Мягмарсүрэн, Хилийн цэргийн 0208 дугаар анги, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Д.Гантулга гээд дөрвөн тамирчин оролцож, бидний удирдан чиглүүлэгч багшаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Доржпалам, Х.Уянга нар ажиллаж байна. Манай тамирчид тэмцээндээ амжилт дүүрэн байна. ОУХМ Д.Гантулга 10 метрийн эрэгтэйчүүдийн төрөлд зургаадугаар байрт шалгарч, Б.Солонго, Д.Мягмарсүрэн нар зарим зайд хувийнхаа амжилтыг эвдсэн бөгөөд бидэнд 7 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд ч үргэлжлүүлэн оролцох гүйлтийн төрлүүд хүлээж байна.
Би гэхэд 7 дугаар сарын 16-ны өдөр 5000 метрийн зайд уралдана. Ямар ч байсан эх орныхоо нэрийг дахин зарлуулахын төлөө хичээх болно оо.
-Та бүхэндээ өндөр амжилт хүсье, эргээд баяртай уулзъя…
-Биднийг дэмжиж байгаа монголчууддаа маш их баярлалаа. Та бүхний сайхан сэтгэгдэл, урмын үг биднийг их хурцалж байгаа шүү.
Д.БОЛОР