Э.Энх-Амгалан: Иргэд орцонд тамхи татсанаар СӨХ галын дохиоллыг салгаж, эрсдэл үүсгэдэг

Сүүлийн өдрүүдэд объектын гал түймэр гарч, хүний амь нас эрсдэх, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох зэрэг аюул буурахгүй байна. Үүний шалтгаан нь иргэд галын дохиоллын системээ дур мэдэн унтраадаг, авч хаядаг зэрэг буруу үйлдэл нь аюулын түвшинд хүргэдэг талаар албан хаагчид ярьж байгаа юм.

Объектын гал түймэр гарах шалтгаан нөхцөл болон аврах ажиллагааны үед саад болдог зүйлсийн талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, Хошууч Э.Энх-Амгалангаас тодрууллаа.

Тэрээр “Шинээр баригдаж буй орон сууцны болон олон нийтийн барилгуудад галын дохиоллын систем суурилуулдаг. Энэ нь Галын аюулгүй байдлын тухай хууль, Орон сууцны барилга байгууламж барилгын норм ба дүрэм, Галын аюулгүй байдлын норм ба дүрэм гээд олон хууль, эрх зүйн бичиг баримтаар зохицуулагддаг. Энэ суурилуулагдсан гал унтраах тоног төхөөрөмж дохиоллын системийг Улсын комисс ажиллах үед онцгой байдлын байгууллагын алба хаагч хүлээж авдаг.

Галын  дохиоллын хувьд утааны мэдээлэгч, дулааны мэдээлэгч гэж бий. Утааны мэдээлэгч гал түймэр гарсан тохиолдолд утаа мэдэрч иргэнд дуут дохио өгч мэдээлэх үүрэгтэй байдаг. Дулааных бол дулаан мэдэрч дохиолол өгнө. Энэ дохиоллыг орон сууц хүлээж авахдаа улсын комисс шалгадаг. Харин ашиглалтын үеийн байнгын, аюулгүй ажиллагааг оршин суугч иргэд, сууц өмчлөгчдийн холбоо хариуцдаг.

Хяналт шалгалт хийж байхад утаа мэдрэгч галын дохиоллын хэрэгслийг салгачихсан байх тохиолдол олон байна. Хэн, яагаад салгав гээд асуухаар иргэд орцонд тамхи татахаар дохиолол дугараад байна гээд Сууц өмчлөгчийн холбоо нь салгачихдаг.

Оршин суугчид коридортоо гараад тамхи татахаар утаа мэдрэгч мэдрээд, орц тэр чигтээ дугарчихдаг. Жижүүр нь очиж шалгахаасаа төвөгшөөдөг юм уу, хэдэн давхарт утаа гараад байна гэдгийг шалгахгүйгээр нэг нөхөр тамхи татаж байгаа байлгүй гэх байдлаар унтраачихдаг. Дахиад дугарахад дахиад унтраадаг. Сүүлдээ тэжээлээс салгадаг. Ингээд тэнд байгаа утаа мэдрэх төхөөрөмжийг бүх нийтээр нь ажиллагаагүй болгодог асуудал байна.

Иргэд өөрсдөө зориулалтын бус газар тамхи татаж дугаргаад байна. Хоёрдугаарт, орон сууцны контор эсвэл сууц өмчлөгчдийн холбоо яг тэр удирдлагын аппарат байгааг хянаж, хэвийн ажиллагааг хангуулдаг сууц өмчлөгчдийн холбоо унтраагаад хэвийн ажиллагааг нь алдагдуулдаг.

Тэр дохиоллыг битгий аваач. Тэр дохиолол иргэн таныг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгийг тань хамгаалах гэж танд мэдээлэл өгөх зориулалттай зүйл.

Мөн хяналт шалгалтаар илэрдэг хэд хэдэн зөрчил бий. Үүнд:

Орон сууцны хороололд илэрч буй нийтлэг зөрчил нь хошуу хоолойтой галын крантны иж бүрдэл дутуу байдаг. Бүр аваад хаячихдаг. Яагаад авдаг вэ гэхээр гаднаас хүмүүс орж ирээд хулгайлчихдаг. Хулгайлахаас сэргийлээд СӨХ нь авчихдаг. Яг бодит нөхцөлд гал түймэр гарсан тохиолдолд галын крантанд байгаа хоолой хошуугаар эхний арга хэмжээг зохион байгуулах ёстой байдаг. Тэр нь байхгүй учраас гал унтраах үйл ажиллагааг эхний ээлжид зохион байгуулж чадаагүйгээс болж гал түймэр цааш тархан дэлгэрэх нөхцөл байдал үүсдэг.

Зоорины давхраас шууд гарах гарцыг зураг төсөлд 2-3 гэж төлөвлөсөн байдаг. Яг бодит байдлыг очоод шалгахаар хоёр талыг нь хаагаад ганцхан гарцтай болгодог. Энэ нь зоорины давхарт автомашин шатлаа юм уу өөр төрлийн гал түймэр гарахад аврах ажиллагаа зохион байгуулахад тун хүндрэл үүсдэг. Нэг ёсондоо ажиллуулахгүй тэр чигээр нь хаачихдаг.  Яагаад хаадаг вэ гэхээр хоёр талын гарц дээр манаач ажиллуулах хэрэг гарна. Нэг талыг нь хаавал нэг манаач ажиллана. Хоёр талын гарцын хаалгыг цахилгаанаар ажиллуулна. Нэг талыг нь хаачихвал тог хэмнэнэ зэрэг хөнгөн зүйлд найдаж алдаа гаргаж байгаа нь гал түймэр гарсан тохиолдолд богино хугацаанд унтрах, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах иргэдийн өмч хөрөнгө, амь насыг авран хамгаалахад нэлээдгүй хүндрэл учруулдаг.

Орон сууцны давхраас зоорины давхар руу явдаг явган шатны хаалгыг тагладаг. Нэг давхраасаа зоорины давхар руу орох боломжгүй болгодог. Шалтгаан нөхцөлийг тодруулахаар, зоорины давхраас хүмүүс орж ирээд, шатаар дамжиж дээд давхруудад очиж хоноглодог гэдэг. Эсвэл хүүхдүүд тоглож, гүйдэг. Энэ явдлыг таслан зогсоохоор хаасан гэдэг. Гэтэл гал түймэр гарахад тэр хэсэг аврах гарцын үүрэг гүйцэтгэдэг. Ингэж аврах үйл ажиллагааг боомилдог зөрчлүүд бий” гэв.

Эх сурвалж:Urug.mn

Санал болгох мэдээ

УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …