Энэ удаагийн “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл хэзээнээс хэрхэн явагдах вэ?
-“Оюутан цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй залуусыг эхний ээлжид цахимаар бүртгэнэ. Та бүхэн мэдэж байгаачлан сүүлийн хоёр жилд төрийн үйлчилгээний цахим цонх E-Mongolia-гаар дамжуулж цахимаар бүртгэсэн. Энэ жилийн бүртгэл 3 дугаар сарын 1-11-ний өдрийн 9:00-17:00 цагийн хооронд явагдана. Өмнөх жилүүлэд зөвхөн нийслэл дэх, дээд сургуулийн оюутнуудыг цахимаар бүртгэдэг байсан. Онцлог нь гэвэл энэ удаад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудыг цахимаар бүртгэхээр болсон.
Оюутнуудад тавигдах шаардлагад өөрчлөлт орсон эсэх талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Тавигдах шаардлагын тухайд өнгөрсөн жилүүдийнхтэй адил гэж хэлж болно. Сурлагын голч дүн 2.8-аас дээш, 18 нас хүрсэн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан байх ёстой. Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагсад заавал аймаг, дүүргийнхээ ЗДТГ-ын Цэргийн штабт очиж, бүртгүүлэх юм. Оюутнуудын дүн бусад шалгуурын талаарх мэдээлэл БШУЯ-ны Боловсрол, мэдээллийн төвөөс E-Mongolia-д өгөгдсөн байгаа. Батлан хамгаалах яамнаас тогтоосон хяналтын тоондоо тулгуурлаж бүртгэл явагдана. Шаардлага хангаж, бүртгэгдсэн оюутнуудыг эрүүл мэнд, биеийн тамирын шалгаруулалтад оруулна. Шалгаруулалтад тэнцсэн оюутнууд онолын бэлтгэл сургалтад хамрагдаж, нийтдээ 98 цагийн буюу 4 кредит бүхий хууль эрх зүй, цэргийн тактик, тусгай бэлтгэл гэсэн хичээлүүдийг судална. Хичээл бүрийн шүүлгэнд 60-аас дээш оноо авсан оюутнууд эрүүл мэндийн хяналтын үзлэгт хамрагдсанаар 6 дугаар сарын 15-наас хээрийн сургалтын бэлтгэлд гарах боломж бүрдэнэ.
“Оюутан цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй залуусын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ жил хэдэн оюутан хамрагдах боломжтой вэ?
-Анх 2014 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү сургалтад өнгөрсөн хугацаанд хот, хөдөөгийн их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн 7000 гаруй оюутан, суралцагчийг хамруулж, цэргийн мэргэжил олгон I зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгээд байна.
-Өнгөрсөн жил Засгийн газрын тогтоолоор “Оюутан цэрэг” сургалтад 1500 оюутанг хамруулсан. Энэ жилийн тухай нийслэл Улаанбаатар хот болон 18 аймагт суралцаж байгаа оюутнуудыг хамруулахаар болсон. Нийт дүнгээрээ 1000 гаруй оюутан хамрагдах боломжтой. Сургалтыг ҮБХИС, Зэвсэгт хүчний 119 болон хөдөөгийн цэргийн ангиудын материаллаг баазыг түшиглэн зохион байгуулна.
Сургалтын эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр ач холбогдол нь улам тодорч байна гэж харж байгаа?
-Оюутан залуус, багш, эцэг эхчүүд ч сургалтын сургалтын талаар сэтгэл хангалуун байгаагаа хэлдэг. Цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, их, дээд сургуульд суралцаж байх хугацаандаа цэргийн алба хаах гээд оюутнуудад богино хугацаанд олон боломжийг бүрдүүлж өгдөг учраас сургалтын эрэлт хэрэгцээ нь өндөр байгаа. Цаашлаад төрийн алба хаах эрх нь нээгдэнэ. Цэрэгт алба хаасан залуусыг гүйцэтгэх чадвар өндөр, ёс суртахууны хувьд төлөвшсөн зэргээр сайн боловсорсон гэж хардаг учраас тэднийг албан байгууллагууд ажилд авах сонирхол их байдаг.
Сүүлийн жилүүдэд их, дээд сургуулийн удирдлагууд оюутнуудаа “Оюутан цэрэг” сургалтад хамруулах талаар их дэмжих болсон. Учир нь цэргийн алба хаагаад ирсэн оюутан залуусын идэвх, оролцоо нэмэгдэж, сурлагын чанар ч бусдаасаа ялгартал сайжирч байгаа гээд ам сайтай байна лээ.