Гурван тэрбумын уутыг хайгаад олсонгүй

Нийслэлийн Засаг дарга нь захирамжлаад гурван тэрбум төгрөгөөр хогны уут тарааж байгаа ч манайд нэг л удаа ирэв. “Ингэхдээ арваннэгдүгээр сард ирээд, өмнөх сарын хогны уут шүү, удахгүй арваннэгдүгээр сарын уутыг өгнө”  гээд 15 ширхэг ногоон уут өгөөд явав. Үүнээс хойш дахин сар гаруй хугацаа өнгөрсөн ч өнөөх уутны сураг алга. Уг нь сар бүр айл болгонд хогны уут өгнө гэж ойлгосон боловч үгүй бололтой. Манайх Баянгол дүүрэгт л дээ. Орцныхоо хэдэн айлаас уут ирж байгаа эсэхийг лавлатал үгүй гэнэ. Эзгүй хойгуур ирээд явж  гэж хардахгүй юу. Гэтэл манай тэр хавийн байрнуудад нэг удаа тарааснаас хойш нийтээрээ хэрэглэх уутны сураг алдарчээ. Орон сууцны айлуудад нийтээр хэрэглэх уут чанартай бол их боломжтой.  Хогоо хийгээд, орцны ойролцоох хогийн пункерт хаячихна. Гэвч амархан урагдах,  даац муутайг эс тооцвол аргалаад хогоо хийгээд байж болохоор байсан юм. Уутны хэмжээ том болохоор  гэрт удаан байлгах боломжгүй, өвлийн хүйтэнд гадаа байлгахаар хөлдөж, урагдаад хог асгараад байдаг  зовлон бий. Гэвч нэгэнт л хотын дарга нь “нийтээр хэрэглэ” гээд зарлигдчихсан хойно хэрэглэхээс яахав гэж бодож байтал нэг л удаа тарааснаас хойш сураг алдарчихлаа, үнэтэй уут маань. Гэхдээ орон сууцныхан үнэтэй ууттай, уутгүй  хогоо хаясаар.

Тэгвэл гэр хороолынхон ногоон уутыг хэрхэн хэрэглэж байгаа бол.  Ойр, ойрхон ирээд хогийг нь ачих боломж гэр хороололд хомс учраас, гуу, жалга хогоор дүүрчээ. Нийслэлийнхэн нийтээр хэрэглэхээр болсон учраас гэр хороолол дүүрэн ногоон уут байгаа байх гэж бодон эрэлд мордов, ногоон уутны.

Чингэлтэй дүүрэг, Дэнжийн мянга чиглэлийн гудамж, хогийн цэгүүдээр өнөөх үнэтэй уутны эрэлд гарав. Хааяахан урагдаж, салбарч, салхинд хийссэн ганц нэгэнтэй таарсныг эс тооцвол гэр хорооллынхон нүүрс­ний шуудай, гялгар торонд хогоо хийн хаяжээ. Дэнжийн мянгын зах орчмын айл өрхүүдээс тодруулбал, “Манайд нэг удаа 15 ширхэг ирсэн. Түүнээс хойш ирээгүй” гэх айл олон байлаа. Тэгвэл энэ хавийнханд нэг удаа өгөөд түүнээс хойш үнэтэй уутны сураг тасарч гэж бодсоор дараагийн айлуудаас асуувал “Манайд нэг ч удаа хогны уут ирээгүй. Тарааж эхэллээ гэж байхад нь хорооноос асуухад тараах болоогүй, тараахаараа утсаар холбогдоно гэсэн. Түүнээс хойш сураггүй л байна. Манай гудам­ны­хан аваагүй л байгаа” гэх. Хогны уут авсан айлуудын хэлж буйгаар үнэтэй уутыг гэр хорооллын нөхцөлд ашиглахад хүндрэлтэй гэнэ. Учир нь хогоо хийгээд гаргаад тавихаар хөл­дөөд, урагдчихдаг, даац муутай учраас хэрэг­лэхэд бэрхшээлтэй гэнэ. Чингэлтэй дүүрэг дэнжийн мянгын эцэст байрлах айл өрхүүдээс асуувал “Уут тарааж байгааг мэдээгүй шүү дээ” гэв. Надаас л мэдээлэл сонссон юм шиг хаанаас тэр уут тарааж байгаа юм гэж сонжиж асуух хүн олонтой таарав. Дэнжийн мянга чиглэлийн айл өрхүүдийн зарим нь нэг ч удаа аваагүй, нэг хэсэг нь  нэг удаа авсан, түүнээс хойш сураггүй болсныг Хотын удирдлагуудад дуул­гачихая.

Сонгинхайрхан дүүргийн 21-р хороолол орчмын айл өрхүүдээр “шалгалт” хийлээ. Энд бол нэг удаа ногоон уут тарааж, 15 ширхэгийг өгснөөс хойш дахин уут тараагаагүй гэнэ.“Уут тараах нь зөв ч үүнийг зөв зохион байгуулалттайгаар хийх ёстой. Гэр хорооллын айл өрхүүдэд шуудай маягаар тарааж, сар бүр хогийг нь цаг тухайд нь ачдаг байх ёстой. Уут тараасан ч хогийг нь ачих­гүй бол ямар ч нэмэр болохгүй” гэх хүмүүс олон байв. Уут тараахыг дэмжиж байгаа ч хог ачих тал дээр анхаа­рахыг хотын удирдлагуудад сануулав.

Баянгол дүүрэг буюу хорооллын эцэст байрлах гэр хорооллын айлуудаас ногоон уутыг эрэв. Энэ орчмын айл өрхүүдэд хорооноос нь утсаар дуудаж, мөн л адил  нэг удаа тараасан гэнэ. Нэгэнт улсаас үнэгүй тарааж байгаа хойно хэрэглэж байгаа ч 15 ширхэг уутыг нь хэрэглээд дуусчихсан гэнэ. Дахиж хороо руугаа утасдахад, тараах болоогүй, утсаар холбогдоно гэснээр сураггүй болж.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас айл өрх бүрт сар бүр ногоон уутыг тарааж, энэ ажлыг хороо хариуцаж ажиллах шийдвэр гаргаж. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад “Хогны уут тараах ажлыг хороо хариуцаж байгаа. Зарим хороо нь улирал бүр тарааж байгаа бол зарим нь сар бүрдээ тараах гээд өөр өөрсдийн боломжоор зохион байгуулалтыг хийж байгаа. Хогны уутыг тараас­наар айл өрхүүдээс мөнгө авахгүй байгаа. Хуучин авдаг байсан сар бүр хогны 2500 төгрөгөө л авч байгаа” гэлээ. Тэгэхээр хотын дарга захирамжилснаас өөрөөр хогны уутны талаар анхаарлаа “сулруулчихсан” бо­лол­той.  Гурван дүүргийн хэсэгхэн хороодод хогны уутны гоё “үйлчилгээ” ямар байгааг сонирх­сон боловч нэг удаа л тарааснаас  өөрөөр нийслэлийнхний хогонд санаа тавихаа больж. Эсвэл бид нэг л удаа гурван тэрбум төгрөгөөр хогны уут тараана гэснийг нь андуурсан юм болов уу.

Хотын удирдлагууд “Хог хаягдлын шинэ менежмент” хөтөлбөр боловсруулж, энэ хөтөл­бөрийн хүрээнд хийж буй далайцтай ажлын нэг гэж хогны уут тараах ажлыг  нэрлээд буй. Тодруулбал, нийслэлчүүд хагас тунгалаг материа­лаар хийгдсэн, ногоон өнгөтэй, 15 килограамын даацтай хогны уутыг сар бүр 15 ширхэгийг өрхийн хэрэгцээнд авна гэсэн үг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “ОБ пластик”, “Монгол хэвлэл” компаниудтай нийслэлийн өрх бүрт сард 15 ширхэг уут тараахаар гурван тэрбум 165 сая төгрөгийн гэрээ хийсэн. Энэ гэрээгээр бол айл өрх бүрт сард 15 ширхэг гэдгийг тодотгочихсон байхад нэг л тарааж, түүнийгээ зурагтаар тайлбарлаж, шоу хийснээс өөрөө гурван тэрбум 165 сая төгрөгийн зарцуулалт тодорхойгүй байна.

Энэ мэт гурван дүүргийн нэгээхэн хэсгээс хогны ногоон уутыг эрэлхийлэв. Гэвч сар бүр үнэгүй иргэддээ тараана, хогны уутанд гурван тэрбум төгрөг зарцууллаа гээд зурагтаар сайр­хаад байсан хотын удирдлагуудын сайхан мэдээ, муухай мэдээ болж хувирав бололтой. Уут тарааж, иргэдийг хогоо хаа сайгүй хаяхыг хориглосон санаа нь зөв байв ч нэг удаа шоудаад өнгөрөх мөнгө идэх арга биш байгаасай гэх бодол төрөв. Уутны чанар, түгээлт ямар байгаа байдлыг газар дээр нь шалгасан боловч байдал ийм байлаа. Нэгэнт  уутаа тарааж чадахгүй, гурван тэрбумаар нь салхинд хийсгэж байснаас гурван тэрбум төгрөгөөрөө хороо бүрт хогны машин аваад өгсөн бол илүү үр ашигтай байсан юм биш үү гэж хардахад хүрэв.

Хогны уутжуулах аян өрнүүлснээс хог­ны машин­­­жуулах аян өрнүүлээсэй, хотын удирдлагууд.

Ш.ЧИМЭГ
Эх сурвалж: “NEWSWEEK” сонин №042

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …