Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах нар өнөөдөр /2026.08.18/ Япон улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзлаа.
“Гуравдагч хөрш”, тусгай стратегийн дотно түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд парламент өндөр ач холбогдол өгдөг хэмээн уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга онцлов. Мөн хууль тогтоох дээд байгууллага хоорондын солилцоог тогтмолжуулах нь ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой гэв.
Тэрбээр хоёр улсын найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд парламент болон парламентын найрамдлын бүлгүүд жинтэй үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэлээ. Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад онцгой анхаарал хандуулах болно гэсэн юм.
Япон улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүяма цаг зав гаргаж хүлээн авч уулзсан явдалд талархаад, хоёр улсын “Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ. Түүнчлэн манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2027 онд тохиож байгаа. Үүнд ихээхэн ач холбогдол өгч, тэмдэглэнэ. Хоёр улсын найрсаг харилцааг хадгалж, шинэ түвшинд бэхжүүлэх үе ирсэн гэдгийг онцолсон. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буйд, уг төслийг удирдаж ирсэн Ж.Бат-Эрдэнэ даргад талархал илэрхийлэв.
Уулзалтын үеэр УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах ноён Т.Фүкүямад хандан хоёр улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж, боловсролын салбарт ихээхэн дэмжлэг үзүүлж ажилласан эрхэм болохыг танилцууллаа. УИХ-ын дэд даргын зүгээс Улаанбаатар хотноо 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад Япон Улсаас төлөөлөл оролцуулах асуудлыг хөндлөө.
Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга Мории Сатоши, тус яамны Улс төрийн хэлтсийн гуравдугаар нарийн бичгийн дарга Шинода Изүми нар байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Эх сурвалж: parliament.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл