АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.09.08) хуралдаан 11 цагт гишүүдийн 65.5 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар даргаллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдаан даргалагч гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Хуралдаанд оролцох ёстой Улсын Их Хурлын 29 гишүүнээс Д.Энхтүвшин, Ц.Мөнхбат, Д.Бум-Очир, Л.Энхнасан, Б.Батбаатар, Д.Цогтбаатар, Ж.Энхбаяр, П.Наранбаяр, Р.Эрдэнэбүрэн, Э.Болормаа, Г.Очирбат, Х.Тэмүүжин, О.Амгаланбаатар, Х.Жангабыл, Г.Хосбаяр, М.Бадамсүрэн, Л.Гантөмөр, Б.Жаргалан, С.Лүндэг нар хүрэлцэн ирснээр хуралдаан эхэллээ.

Хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буй Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Б.Батбаатар, Э.Болормаа, Г.Очирбат, С.Эрдэнэболд, Л.Гантөмөр, Р.Эрдэнэбүрэн, Б.Жаргалан нар асуулт асууж, Сангийн сайд болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт, мэдээлэл авав. Төсвийн тодотголын төслийг хэлэлцэх дэгтэй холбогдуулан Д.Энхтүвшин гишүүн тодруулга хийж, байр сууриа илэрхийлсэн бол энэхүү төсвийн төслийн хүрээнд хэлэлцэгдэж буй гадаад зээлийн асуудлаар Б.Батбаатар, Э.Болормаа нарын гишүүд лавлав.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд гадаад зээлийн талаар “Геополитикийн хүндрэлтэй үед Азийн хөгжлийн банкнаас донор орнуудынхаа эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор төсвийн дэмжлэг болгож өгөх 200 сая ам.долларын зээлийг авах, дээр нь гамшиг болон эдийн засгийн тогтворгүй үед хэрэглэх хэрэглээний зээлийн шугам нээхээр нийтдээ 450 сая ам.долларын асуудал байгаа юм. 250 сая ам.долларыг аваад ашиглана гэсэн үг биш. Эрсдэл үүсвэл төсвийн тодотгол хүлээхгүй шууд дайчлах нөөц болох юм” хэмээн Сангийн сайд З.Мэндсайхан тайлбарласан.

Азийн хөгжлийн банкнаас гишүүн орнууддаа санал болгож байгаа бүтээгдэхүүн буюу 250 хүртэлх сая ам.долларын зээлийн шугам нээх эрх бөгөөд Монгол Улс энэ зээлийг авах бол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлж, шийдвэрүүлэх болно хэмээн Сангийн яамнаас хариулав. Төсвийн тодотголыг энэ оны хавар шийдвэрлэх ёстой байсан гэдэг байр суурийг Э.Болормаа гишүүн илэрхийлээд, зээлийн дээд хэмжээг нэмэгдүүлж буй зохицуулалтын талаар тодруулахад гадаад зээлийн дээд хэмжээ 2.7 их наяд төгрөг болж нэмэгдэж байгаа хэмээн Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга хариуллаа. Монголбанкнаас ирүүлсэн мэдээлэлд 13 хувьд хүрсэн инфляцын 52 хувь нь махны үнэ байгааг, Засгийн газар махны нийлүүлэлтэд оролцох эсэхийг, инфляцын нөлөөллийг сааруулах чиглэлээрх арга хэмжээний талаар тодруулсан Э.Болормаа гишүүний асуултад “Тэтгэвэр авч буй ахмадууд, халамжийн тэтгэвэр авч байгаа иргэд болон тогтмол цалинтай иргэдийн орлогыг инфляцын нөлөөллөөс хамгаалахын тулд нэн тэргүүнд удирдаж чадах хэсэг буюу хүнсний ногоо тэргүүтэй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, цахилгаан, дулааны үнийн өөрчлөлтөөс үүдэх инфляцыг иргэдийн нуруунд үүрүүлэхгүй байх дээр бид голлож ажилласан” гэж Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж хариулсан. Махны инфляц нь улирлын чанартай учраас энэ нөлөөллийг бууруулах буюу жилийн дөрвөн улирлын турш махны нийлүүлэлт хийх боломжтой фермерийг хөгжүүлэн, ложистик, түлш, шатхуун, нөөцлөх зоорийг шийдэх гэв.

Гишүүд ийнхүү төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Засгийн газар Улсын Их Хурлын баталсан хуулийг буюу батлагдсан төсвийг хэрэгжүүлэх үүрэгтэйг Б.Батбаатар гишүүн цохон тэмдэглээд, энэхүү үүргээ биелүүлээгүйн уршгаар төгрөгийн ханш унаж байгааг хэлэв. Г.Очирбат гишүүн төрийн аудитын байгууллагын болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг анхаарах шаардлагатайг, хууль дээдлэх зарчмыг баримтлах ёстойг Л.Гантөмөр гишүүн хэлж байлаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тогтвортой хэрэгжүүлэх шаардлагын талаар Б.Жаргалан гишүүн үг хэлж, макро эдийн эдийн алдаатай бодлогын үр нөлөө олон жил үргэлжилдэг болохыг тэмдэглэсэн. Төсвийн тодотголоор иргэдийн орлого, амьжиргааг хамгаалах арга хэмжээ авах нь зүйтэй гэдэг байр суурийг М.Бадамсүрэн гишүүн хэлээд гол нь багш, боловсролын салбарын цалингийн нэмэгдэлийг шийдвэрлэж байгааг тодотгож байлаа. Д.Бум-Очир гишүүн төсвийн хуулийг Улсын Их Хурал баталсан шигээ энэ хавар төсөвт тусгагдаагүй хэдий ч багш нарын, боловсролын салбарын 93 мянган хүний цалин нэмэх 1 их наяд орчим төгрөгийн асуудлыг бид шийдсэн хэмээгээд “Энэ удаагийн төсвийн тодотгол зөв үү, буруу юу гэж байгаа бол дээрх шийдвэрийг гаргах үед л төсвөө тодотгох юм байна гэж бүгд ярилцаж байсан” гээд хэлэлцэж буй асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Ийнхүү Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга …