Байгаль, цаг уураас хэт хамааралтай туршлагыг өөрчлөхөд хамтын ажиллагааг чиглүүлэх боломжтой гэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр (2026.09.08) Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Байнгын хорооны даргын хувьд, хоёр улс хамтын ажиллагааны хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарт Санамж бичиг байгуулан амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатайг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр, Монгол Улсын парламентаас хөдөө аж ахуйн болон хүнсний чиглэлээрх эрх зүйн шинэ зохицуулалт бий болсон тул нүүдлийн, уламжлалт байгаль, цаг уураас хэт хамааралтай арга, туршлагыг өөрчлөх боломж бүрдсэн. Эрсдэл бий болохоос урьдчилан арга хэмжээ авдаг тогтолцоонд шилжих чухал, хүнс, хөдөө аж ахуйн салбарт бодлогын шинэчлэл хийх эдгээр хуулиудыг үр дүнтэй хэрэгжүүлэх сорилт тулгараад байгаа гэв.

Элчин сайдын хувьд, Канад–Монголын МЕРИТ төсөл болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд хэрэгжүүлж ирсэн төсөл, хөтөлбөрүүдээ танилцууллаа. Дипломат харилцааны 53 жилийн түүхтэй манай хоёр улс нь байгаль, цаг агаарын хувьд ижил төстэй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоор дэлхийд тэргүүлэгч улс орны хувьд, хүнсний үйлдвэрлэлийн баялаг туршлага, сайн чанарын таримал ургамлын үрийг нэвтрүүлэх, эрх зүйн орчин, нөхцлийн талаар уулзалтын үеэр хөндөв.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Мөнхсоёл болон Улсын Их Хурлын Тамгын газар, Элчин сайдын яамны төлөөлөл байлцав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗОРИУЛЖ, ДАРАМТЫГ ТӨР ӨӨРТӨӨ АВАХ БОДЛОГЫН ШИЙДЭЛ ЮМ

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийг танилцуулж, УИХ-ын …