Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 61.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид суралцагчдын тоо 2025 онд 161,891-д хүрчээ. Үүнээс 99,483 нь эмэгтэй, 62,408 нь эрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, нийт суралцагчдын 61.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд эмэгтэй суралцагчдын тоо эрэгтэйчүүдээс 37,075-аар илүү байна.

Сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлтийг харвал эмэгтэй суралцагчдын тоо 2022 онд 88,823 байсан бол 2023 онд 88,601 болж бага зэрэг буурчээ. Харин 2024 онд 92,261 болж өссөн бол 2025 онд 99,483-д хүрсэн байна. Ингэснээр 2022 онтой харьцуулахад эмэгтэй суралцагчдын тоо 10,660-аар буюу 12 хувиар нэмэгджээ.

Эрэгтэй суралцагчдын тоо 2022 онд 56,444 байсан бол 2023 онд 56,744, 2024 онд 58,021 болж, 2025 онд 62,408-д хүрсэн байна. Энэ нь дөрвөн жилийн хугацаанд 5,964-өөр буюу 10.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

2025 оны мэдээллийг аймаг, нийслэлээр нь авч үзвэл суралцагчдын хамгийн өндөр тоо Улаанбаатар хотод байна. Нийслэлд нийт 83,686 суралцагч байгаагаас 49,436 нь эмэгтэй, 34,250 нь эрэгтэй байна.

Бүс нутгаар авч үзвэл эмэгтэй суралцагчдын тоогоор Хангайн бүс 17,194, Төвийн бүс 14,231, Баруун бүс 12,440, Зүүн бүс 6,182-оор тус тус үргэлжилж байна.

Харин эрэгтэй суралцагчдын тоо Хангайн бүсэд 9,548, Төвийн бүсэд 8,253, Баруун бүсэд 6,985, Зүүн бүсэд 3,372 байна.

Анхаарал татахуйц нь 2025 онд зарим бүсийн суралцагчдын тоо өмнөх онтой харьцуулахад нэлээд өссөн явдал юм. Тухайлбал, эмэгтэй суралцагчдын тоо Баруун бүсэд 2024 онд 1,620 байсан бол 2025 онд 12,440, Хангайн бүсэд 1,436-аас 17,194, Төвийн бүсэд 3,200-аас 14,231 болж нэмэгджээ.

Ийнхүү 2025 оны байдлаар улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид суралцагчдын тоо 161.9 мянгад хүрч, өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн байна. Мөн нийт суралцагчдын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрэгтэйчүүдээс өндөр байгаа нь дээрх тоон мэдээллээс харагдаж байна.

Г.Энхбаяр

Санал болгох мэдээ

“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааны шагналыг гардууллаа

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, “Алтангадас” парламентын сэтгүүлчдийн клуб хамтран сэтгүүлчдэд зориулсан хоёр дахь …