Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар нь хууль бус бараа, эд зүйл хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр эрсдэлд суурилсан гаалийн хяналт шалгалтыг тогтмол хэрэгжүүлэн ажилладаг байна.
Энэ хүрээнд хууль сахиулах байгууллагаас ирүүлсэн мэдээллийн дагуу Казахстан Улсаас Монгол Улсад нэвтэрсэн ачааны тээврийн хэрэгсэлд гаалийн нарийвчилсан үзлэг, шалгалтыг шуурхай зохион байгуулж, сонгино тээвэрлэж явсан ачааны дунд хэсэгт нууж, барааны дагалдах бичиг баримтад тусгалгүй тээвэрлэсэн эд зүйлсийг илрүүллээ.
Гаалийн хяналт шалгалтаар нийт 19 савлагаатай, 3,260 ширхэг, 677.15 кг жинтэй амьтны гаралтай түүхий эд байж болзошгүй эд зүйл илэрсэн байна. Гаалийн байгууллагаас илэрсэн эд зүйлсийг тоолох, жинлэх, савлагаа тус бүрээр нь бүртгэх, гэрэл зураг болон дүрс бичлэгээр баримтжуулах, холбогдох бараа, тээврийн хэрэгсэл, дагалдах баримт бичигт үзлэг хийх зэрэг шаардлагатай ажиллагааг шуурхай зохион байгуулсан.
Мөн илэрсэн эд зүйл нь ямар амьтны гаралтай, ховор болон нэн ховор амьтны төрөл зүйлд хамаарах эсэх, CITES-ийн холбогдох хавсралтад бүртгэгдсэн эсэхийг мэргэжлийн байгууллагын шинжилгээ, дүгнэлтээр тогтоолгохоор холбогдох ажиллагааг хуулийн дагуу явуулж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг шалгуулахаар эрх бүхий хууль сахиулах байгууллагад шилжүүлсэн байна. Гаалийн байгууллагаас цаашид улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан бараа, эд зүйлсийг илрүүлэх, таслан зогсоох, байгаль орчин, ховор болон нэн ховор амьтныг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллана.



Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл