Ш.Батхүү: Бие гайгүй. Эмчилгээ хийлгэж байна

57b12192aceaebe8big“Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 140 сая ам.доллар зээлж эргүүлэн төлөөгүй хэрэгтээ эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байгаа билээ.

Түүнийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангиас Клиникийн нэгдсэн төв эмнэлэгт шилжүүлсэн байна.

Учир нь биеийн байдал нь тааруу байгаагаас ийнхүү улсын эмнэлэгт хэвтүүлсэн гэж хуулийн байгууллагынхан тайлбарлалаа. Тэрбээр Клиникийн нэгдсэн төв эмнэлгийн Дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй юм байна.

Тус тасгийн тусгай төлбөртэй өрөөнд хэвтжээ. “Батлан даалтад гаргаагүй. Сэжигтэнг цагдаагийн хамгаалалтад зохих эмчилгээг нь хийлгэж байгаа. Ш.Батхүү хэдий эмчилгээ хийлгэж байгаа ч хорих ангид байгаа гэж ойлгох ёстой” гэж цагдаагийн байгууллагын ажилтан тайлбарлалаа.

Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалахын ажилтнууд Ш.Батхүүг хянаж байгаа аж.

Цагдаагийн гурван ч ажилтан ээлжээр Ш.Батхүүтэй хамт өрөөнд нь хянаж байгаа юм байна. Биднийг очиход Ш.Батхүү физик эмчилгээ хийлгэхээр өрөөнөөсөө гарсан байлаа. Цаг гаруй хугацааны дараа тэрбээр физик эмчилгээний тасгаас цагдаагийн ажилтны хамт гарч ирсэн юм. Түүнтэй уулзахад дараах хариултыг өглөө.

-Таны бие сайн уу?

-Бие гайгүй дээ. Эмчилгээ хийлгэж байна. Чи хаанаас явж байгаа юм.

-Улс төрийн тойм сонин. Танаас хэдэн асуултад хариулт авах боломж байна уу?

-Би одоохондоо юм ярихгүй дээ. Тэгж байгаад цаг нь болохоор би өөрөө холбогдож мэдээлэл өгье.

Тэрбээр мэдээлэл өгөхөөс ийнхүү татгалзсан юм. Ш.Батхүү бага зэрэг жин хассан харагдлаа. Түүний биеийн байдал нь хэвийн хэмжээнд байгаа гэдэг мэдээллийг эмч нар өгсөн юм. Эм ууж, физик эмчилгээ хийлгэж байгаа юм байна.

Ш.Батхүүгийн харгалзагчаар ажиллаж байгаа Нийгмийн хэв журам хамгаалахын ажилтнаас дараах зүйлийг тодрууллаа.


-Ш.Батхүүгийн биеийн байдал нь гайгүй биз дээ. Юу ярьж байх юм?

-Би сайн мэдэхгүй байна. Манайхан ээлжээр гарч байгаа учраас би өнөөдөр л анх удаа энд гарч байна.

-Ойр тодны хүмүүс нь ирж, эргэж тойрж байгаа юу?

-Тэр болгон хүнтэй уулзахгүй байгаа. Өмгөөлөгчтэйгээ л уулздаг. Хэргийг нь шалгаж байгаа мөрдөн байцаагчаас нь зөвшөөрөл өгч байж хүнтэй уулзуулах ёстой.

-Гар утастай байгаа болов уу?

-Гар утас байхгүй. Ашиглах нь ч хориотой шүү дээ.

Хорих ангид үйлчилдэг бусад дүрэм, журам эмнэлэгт ч мөрдөгдөж байгаа гэдэг мэдээллийг цагдаагийнхан өгч байна. Түүнд Эрүүгийн хуулийн 233.2-т зааснаар хуурамч бичиг баримт ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.
Т.АМАРТҮВШИН
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …