Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр Д.Амартүвшин, Б.Даваажав нарыг сонголоо

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн /2026.10.16/ хуралдаанаараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн сонсголын тайланг хэлэлцэж, Б.Амартүвшин, Б.Даваажав нарыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

Хуралдаан “Их засаг” танхимд 09.31 цагт эхэлж, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Тулга, Б.Баярбаатар, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд, П.Сайнзориг, Б.Пүрэвдорж, О.Номинчимэг, О.Алтангэрэл, Л.Мөнхбаатар, Л.Соронзонболд, Ц.Сандаг-Очир, Дав.Цогтбаатар, С.Одонтуяа, М.Нарантуяа-Нара, Д.Ганбат, Ж.Баярмаа, Д.Батлут, Э.Батшугар нар оролцов.

1.jpg

Нэр дэвшигчдийн сонсголын тайланг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133.1-д нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын хоёр өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргахаар заасан. Тайланд сонсголын дүнд үндэслэн нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгаж, холбогдох бусад мэдээллийг хавсаргахаар зохицуулсан байна.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, нэр дэвшигч тус бүр тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх талаар хэлэлцэн, санал хураалт явуулжээ. Хаалттай хуралдаанд сонсголд оролцсон нийт 20 гишүүнээс Г.Уянгахишиг, Л.Мөнхбаатар, Л.Соронзонболд, У.Отгонбаяр, Б.Баярбаатар, П.Сайнзориг, О.Номинчимэг, С.Эрдэнэболд, Д.Ганбат, Ц.Сандаг-Очир, С.Одонтуяа, О.Алтангэрэл, Б.Пүрэвдорж, Д.Батлут нарын 14 гишүүн оролцсон байна.

Уг санал хураалтаар нэр дэвшигч Б.Амартүвшинг 9, Б.Даваажавыг 7, Г.Эрдэнэбулганыг 4, Ч.Отгонсүрэнг 2 гишүүн “шаардлага хангасан” гэж үзсэнийг Г.Уянгахишиг танилцуулгадаа дурдав.

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд сонсголын тайлантай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.1-д заасны дагуу нууц санал хураалт явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Нууц санал хураалтад Байнгын хорооны 22 гишүүн оролцсоноос Б.Амартүвшинг 20 гишүүн буюу 90.9 хувь, Б.Даваажавыг 13 гишүүн буюу 59.1 хувь нь дэмжив.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Боловсролын салбарын төсөв, түүний бодлогын асуудлаар өнөөдөр (2026.10.15) Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсролын …