Баянгол дүүрэг “Бид Өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулж, тус дүүрэгт үйлчилгээ үзүүлдэг хот нийтийн аж ахуйн 25 байгууллагын 500 орчим ажилтан оролцож, 230 тусгай зориулалтын болон 130 бичил техник хэрэгслийг дэлгэн танилцууллаа. Мөн нийслэлийн холбогдох удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл, техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгалаа.

УБЗАА-ны Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа “Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 19,100 тонн давс, бодис нөөцөлсөн бол энэ онд 10 мянган тонн давс, 10 мянган тонн бодис бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар давс, бодисын нөөцийн бэлтгэл 80 гаруй хувьтай үргэлжилж байна. “Бид өвөлд бэлэн” арга хэмжээг дүүргүүд жил бүр зохион байгуулж, нийслэлээс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгадаг. Энэхүү арга хэмжээ нь дүүргүүд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, хог хаягдлын ачилт, тээвэрлэлт, ногоон байгууламжийн арчилгаа, гэрэлтүүлэг, камерын ашиглалт зэргийн бэлэн байдлыг хангаж ажиллаж буй талаараа танилцуулж, сурталчлах, шинээр нэвтрүүлж буй техник технологи, тусгай зориулалтын тоног төхөөрөмжөө дэлгэн танилцуулж, туршлага солилцох зорилготой. Нийслэлээс 2024 онд тусгай зориулалтын машин, техникүүдийг хангаж өгөх зорилгоор нийт 206 машин, техникээр парк шинэчилсэн. Парк шинэчлэлтийн хүрээнд бид зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд ажиллаж буй ажилтнуудынхаа гар ажиллагааг хөнгөвчлөх, халтиргаа гулгаанд дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг ашиглах бодлоготой ажиллаж байна” гэв.

Баянгол дүүргийн менежер Ж.Баатар “Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд хот нийтийн аж ахуйн байгууллагуудын техник, тоног төхөөрөмж, ажиллах хүч нэлээн бэхэжсэн. Нийт 530 орчим хүн, 99 том оврын техник хэрэгсэл, 130 орчим бичил техник хэрэгсэлтэй ажиллана. Дүүргийн хэмжээнд өнгөрсөн жилээс 15-20 хувиар давс, бодисын нөөцөө нэмэгдүүлсэн. Энэ жил нийт 700 тонн бодис, 1190 тонн давсыг зам талбайн халтиргаа, гулгаанд ашиглахаар нөөцлөөд байна. Дүүргийн хэмжээнд 64 гудамж, зам талбайн 73 километр зам, 9000 ам метр квадрат талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг есөн байгууллага хариуцан ажилладаг ”гэлээ.







Эх сурвалж: ulaanbaatar.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл