“Online media awards-2013” цахим мэдээллийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулах ёслол өчигдөр боллоо.
Виртуаль орчинд өөрийн байр суурийг тодорхойлогчдыг тодруулах шалгаруулалт 11 номинацтай бөгөөд үүний нэг нь “Оны шилдэг жиргээч”.
Энэ номинацид 800 гаруй жиргээч нэр дэвшсэнээс, твиттерийн од Б.Цогтгэрэл, Б.Урангоо, Танхай эмээ нар хамгийн олон санал авчээ. Тэднээс зочдын мессэжээр өгсөн саналаар алдарт “Танхай эмээ” шалгарлаа. Улс төр, урлаг соёл, ер нь бүхий сэдвээр чөлөөтэй сэтгэж, эрх дураараа жиргэдэг нөхөр хэн бэ? гэдэг нь сонирхол татдаг. Энэ удаа “барьж авах” боломж гарав.
Твиттерийн хамгийн мэдрэмжтэй, хоржоонтой, хөгжилтэй, хамгийн олон байлдан дагуулагчтай эмгэний шагналыг гардуулахаар Мэдээллийн сайтуудын ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүн М.Буянбадрах танхим руу саравчлан харж ”Хаана байна, тэр Танхай эмээ” хэмээн чанга дуугаар хашгирч, зочдыг хөгжөөв.
Танхай эмээ гарч ирсэнгүй. Хэсэг хугацааны дараа урлаг судлаач Б.Наранзун, Артаньяан, Аанхаа нарын зургаан залуу гарч ирэхэд “Иймэрхүү нөхдүүд байгаа болов уу гэж бодсон юм аа” гэхэд Б.Наранзун “Хүмүүс шагнуулаад байхад нь шагнал авмаар санагдаад бид гарч ирлээ” гэв.
Артанъян “Танхай эмээ, дагз минь чи гараад шагнал аваад ир гэж DM бичлээ. Үнэндээ бид танхай эмээ биш л дээ” гэж “залруулан” цомоо авцгаав.
эх сурвалаж: фактньюс.мн