1625 онд Манж Чин улсын угсаа залгасан хунтайж Тай Цун нь 15 хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Энэ охин бол Хорчин аймгийн ноён, Чингис хааны отгон хүү Толуйн угсаа Хиад Боржигон овогт бээл Зайсангийн охин байлаа. Нэрийг нь Амарлингуй гэнэ. Гэвч түүнийг Хятадын түүхэнд Хуванхэу гэж тэмдэглэсэн байдаг.
Тэрээр Манж чингийн анхны их хаан Нурхач баатрын 9 дэх хүү, хаан ширээг залгамжилсан Тай цун буюу “Дээд эрдэмт” хааны хатан нь байв. Анх тэрээр хааны ордонд хаан угсаа залгамжлагчийн 9 дэх татвар эм нь болж очсон байна. Хүүхэд наснаасаа гүйцэд салаагүй түүнд ханхүүгийн татвар эмсүүд ихэд дээрэнгүй хандахын зэрэгцээ ордны хуучин бурхинууд үл тоон харьцдаг байв. Амарлингуйд хэдэн шивэгчдээс нь өөр ойр дотны хүн байсангүй. Эдгээр шивэгчидтэйгээ Амарлингуй жинхэнэ найз нөхрийн ёсоор харьцдаг байсан учир тэрээр шивэгчдээ дорд үзэж тэдэнд дээрэнгүй ханддаг байсан бусад хатад болон татвар эмсээс эрс ялгарч байв. Ингэж л өөрийнхөө төлөө яахаас ч буцахгүй хэдэн сайн хүнтэй болж авчээ. Амарлингуйг ордонд ирэх үед нь Ар халхын нэгэн ноён Чибхэмэн, ханхүүд мундаг догшин морь нэгийг бэлэглэсэн байв. Тэр морийг хааны ямар ч мундаг адуучин номхруулж чадаагүй юм гэдэг. Гэтэл Амарлингуй өнөөх догшин морийг хэдхэн хоногийн дотор үйлийн үргүй номхон морь болгож чадсан төдийгүй омголон Монгол зангаараа өөрөө унан хаа сайгүй хуй салхи шиг давхиж байх болсон учир түүгээр бахархсан ханхүү түүнд өнөөх морийг нь бэлэглэхийн зэрэгцээ их хэмжээний торго дурдан, эд эрдэнэ, алт мөнгөөр шагнав. Гэтэл гайхалтай нь өнөөх их эрдэнэсээр Амарлингуй бусдын адил баярхаж хөөрсөнгүй, түүний оронд бүгдийг нь хааны ордны ихэс дээдсүүдэд, тэр бүү хэл доод ажилчдад хүртэл тарааж өгсөн гэдэг. Ингэж л өөрийгөө тойрон хүрээлэгчдийг алхам алхмаар бий болгож байжээ. Маргааш зуун уут дүүрэнг эзэмшихийн тулд өнөөдөр арван уут дүүрэнг ашигтайгаар зарлагадаж бай. Энэ арга ухааныг түүнд эцэг ноён бээл Зайсан нь зааж өгч байсан ч байж магадгүй. Тийм биш бол тэрээр төрөлхийн арга ухааны дээдийг эзэмшигч мөн болой. Түүний энэ арга ухаан, овжин зан нь ханхүүд ихэд таалагдаж эхлээд байсан учир тэрээр 1626 онд буюу Тай цун хаан сууринд суумагц Амарлингуйд “Баруун ордны их хатан” гэсэн өндөр хэргэмийг албан ёсоор хүртээсэн байна. Ердөө ганцхан жилийн өмнө хааны ордонд ирсэн тал нутгийн Монгол охин ингэж л 16 хан насандаа ордны их хатнаар өргөмжлөгдсөн түүхтэй…
Ханхүүтэй урагласан тэрээр 20 нас хүрэхээсээ өмнө 3 удаа төрсөн бөгөөд гурвуулаа охин үр байжээ. Бусад хатад татваруудаас хүү төрсөөр. Ийн явсаар ханхүүгийн тоо 8 хүрсэн байв. Энэ хооронд Амарлингуйн туйлын хүсэл нь ганцхан хүү л төрүүлэх явдал болсон байлаа. Удалгүй баярт мөч тохиож тэрээр дахин хөл хүндэрчээ. Хүсэн хүлээсэн хүү биш байгаа. Хүү л байгаасай гэж өдөр шөнөгүй залбирч байсан Амарлингуй нь төрөлх сэргэлэн зан нь хөдөлж тэрээр хүү төрсөний дараах хүүдээ болон өөртөө ашигтай нэгэн зүйлийн талаар арга ухаан сийлэн түүнийгээ хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хүүд нь болон өөрт нь ашигтай зүйл бол хаан суудал байлаа. Гэвч түүнээс хүү төрлөө ч 9 дэх нь болох учраас хаан суудал түүнд алсын од шиг л хол. Гэхдээ л маргаашийн өөхны төлөө өнөөдрөөс. Түүний төрөлх зан нь ийнхүү эзнээ ийм “өндөр эрсдэл” тэй алхам хийхэд хүргэсэн байна. Амарлингуй бусдын адил гэдсээ чагнаад төрөх хоногоо тоолоод хэвтсэнгүй, маргааш өдрөөс нь эхлэн 9 н эрдэнийг дүүрэн шигтгэсэн өөр ямар ч хатанд байхгүй тийм ганган даашинзаар гангарч эхэлжээ. Энэ өндөр үнэтэй даашинзыг тэрээр ордны уран гартнуудаар хийлгэсэн бөгөөд Амарлингуйн алсын хараатай хэд хэдэн алхамд хэдийнээ урхидуулсан тэд түүнд гараа гарган байж хийж өгчээ. Даашинз хэлэхийн аргагүй ганган. Мянга мянган лаа, зул асаасан хааны ордонд орой үдшийн цагаар Амарлингуйн ганган даашинз 9 н эрдэнийн өнгөөр туяаран солонгорч байх болов. Хэдхэн хоногийн дараагаар Амарлингуй өөрт үнэнч хэдэн шивэгчнээ ашиглан тэднээр нэгэн онцгой цуу дэгдээлгэлээ. Ихэд гайхамшигт агуулагатай байсан учир дээрх цуу тэр дороо л хааны ордноор тэнүүчилж тун удалгүй ордноос халин гарсан юм. Өнөөх дэгдсэн цуу нь Амарлингуй хатан 9 эрдэнийн өнгөөр туяарч эхэлсэн нь түүнээс алтан Луу Жинлэн төрөх гэж байна гэсэн агуулгатай. Гайхалтай хурдан дэгдсэн өнөөх цуу ярианд хүн бүр тэр дундаа Тай цун хаан ч өөрөө үнэмшиж баяртай байх болжээ. Энэ цуу яриа нь Амарлингуйд бусад хатад эмэгтэйчүүдийн зүгээс үзэн ядалтыг авчирсан бол ард түмний зүгээс өндөр их итгэл, хүндэтгэлийг авчирсан юм. Тун удалгүй арга ухаан төгөлдөр Амарлингуй ээлжит алхмаа хийлээ. Тэр бол зүүд бөгөөд тэрээр ийн зүүдэлж дээ. Урьд шөнө тэнгэрээс нэгэн хүн бууж ирээд бяцхан хөвүүн надад өгөөд “Энэ хүү бол ирээдүйд дэлхий дахиныг захирах ёстой Богд хөвүүн юм шүү” гэж хэллээ гэсэн зүүд байв. Энэ зүүдээ Амарлингуй хаанд хэлээд “Хэнд ч битгий хэлээрэй” гэж аминчлан гуйжээ. Хаан ч толгой дохин зөвшөөрч дуугүй л байж. Гэвч овжин Амарлингуй чимээгүй байсангүй өөрийн үнэн ч шивэгчдээрээ дамжуулан өнөөх хуурамч зүүдний тухай дахин цуу дэгдээсэн байна. Хаан хэнд ч хэлээгүй учир Амарлингуйгаас асууж, Амарлингуй “би хэнд ч хэлээгүй” л гэж. Хаан эзнийг нь олох санаатай Амарлингуйн шивэгчдийг байцаасан байна. Чухам энэ л Амарлингуйн хүсэн хүлээсэн зүйл нь байлаа. Хаанд байцаагдаж байгаа шивэгчид бүгд л тоть шиг нэгэн ижил хариулт өгсөн нь өнөөх зүүдийг тэд бас зүүдэлсэн болж таарав. Энэ бол Амарлингуй хатны шивэгчиддээ зааж өгсөн үгс байсныг хаан яахан мэдэх билээ. Тун удалгүй Амарлингуй хатан төрөх гээд дуншиж эхлэв. Хааны ордон тэр чигээрээ өнөөх “Тэнгэрийн хүү”-г нүд чавчилгүй хүлээж байлаа. Харин энэ удаа Амарлингуйн санаа аймшигтайгаар зовж шаналж байв. Учир нь түүнээс хүү биш охин төрвөл яанаа. Хэрвээ хүү төрчихвөл түүний хүүг “Тэнгэрийн хүү” мөн гэдэгт бүгд итгэнэ. Учир нь олонд ийм итгэл төрөхөөс өөр ямар ч аргагүй болтол нь Амарлингуй өөртөө үнэнч хүмүүсийн ачаар маш хүчтэй “маркетинг” хийсэн юм. Харин охин төрчихвөл яанаа. Яахыг мэдэхгүй ч сайн юм болохгүй гэдгийг нь сайн мэднэ. Түрүүхэн Өндөр эрсдэл-ийн тухай миний дурьдаад өнгөрсний учир бол энэ юмаа.
Гайхалтай сайхан баяр. Амарлингуй хатнаас хүү төрөх нь тэрээ. Хаан 9 дэх хүүдээ Фү лин “Буян ирэгч” гэсэн онцгой сайхан нэрийг өгчээ. Хааны 9 дэх хүү. Монголчууд 9 тоог дээдэлдэг нь зүгээр ч нэгэн зүйл биш бололтой. Хэрвээ надаас хүү төрвөл тэр нь хааны 9 дэх хүү байх болноо гэсэн, 9 ийн тоонд өндөр итгэл өгч дээдэлдэг явдал нь ингэж Амарлингуйгээр дээрх бүгдийг хийлгэсэн болов уу гэж би бодно. Хаан дуулиантайхан төрсөн отгон хүүгээ хаан ширээг залгамжлагч ханхүүгээр өргөмжилсөн юм. Тай цун хаан 1643 онд сүүдэр халисан бөгөөд тэр өдрөөс эхлэн Амарлингуй хатны 6 хан настай бяцхан хүү Фүлин хаан ширээнд сууж, Эеэр засагч хааны эрин үе эхэлсэн түүхтэй. Мэдээж хэрэг Фүлинд хаан ширээ зүгээр олдоогүй. Маш их өрсөлдөөн, тэмцэлдээний дунд олдсон. Ялангуяа хэдийнээ насанд хүрцгээсэн өмнөх 8 ханхүү болон тэдний эхүүд, тэдгээрийн гар хөл бологсдын зүгээс. Энэ бүгдэд түүний ухаант ээж Амарлингуй болон түүний бүрдүүлсэн баг буюу үнэнч хамт олных нь нөр их хичээл зүтгэл нь 100 хувь ач тусаа үзүүлсэн юм. Ганцхан ордны ихэс ноёдоос гадна Амарлингуй хатан нь ард иргэдийн зүгээс өөр ямар ч манж, хятад хатдаас илүүтэйгээр дэмжлэг авч байсан юм. Учир нь тэр өмнө нь хэд хэдэн удаа ард олонд хишиг түгээж байсан буянтай ажил хийснээрээ хүүг нь эсэргүүцэгчдийн зүгээс турхирч болох аливаа бослого хөдөлгөөний хаалгыг нэн эрт хаачихсан байсан ухаантан байжээ. Түүнийг болон хүүг эсэргүүцэгчид ард түмнийг турхиран бослого хөдөлгөөн гаргах ямар ч боломж үгүй байж. Ингэж л их хаан Чингисийн цустай цэвэр Монгол эмэгтэй болох Амарлингуй хатан тухайн үеийн дэлхийн хамгийн том улсын нэг Манж Чин улсын төрийн алтан жолоог 6 настай хүүгээрээ дамжуулан (хаан хүүгээ насанд хүртэл) атгаж байсан яруу сайхан түүхтэй билээ.
Ингээд дуусаагүй ээ. Тэрээр 1661 онд өөрийн хүү Эеэр засагчийг хүнд өвчин тусаж эдгэрэх аргагүй болоход аль хэдийнээ залгамжлагчаар тодорчихоод байсан ханхүү Фучиовангааг ханхүүгийн зэргээс буулгаж өөрийн бас нэгэн ач Шиован Еэ г угсаа залгасан ханхүүгээр тодруулж байжээ. Энэ хүү бол ирээдүйн Манж Чин улсын хамгийн алдартай хаанаар шалгарсан их хаан Кан си буюу Энх амгалан хаан байсан юм. Энх амгалан хаан мөн л аавтайгаа нэгэн адил тун балчир насандаа буюу 8 хан насандаа хаан ор суусан бөгөөд түүнийг эрийн цээнд хүртэл нь Амарлингуй хатан Манж Чин улсын төрийн алтан жолоог атгаж байсан бас нэгэн яруу сайхан түүхтэй юм. Амарлингуй хатныг насан нөхцсөний дараагаар Энх амгалан хаан хайрт эмэг эхээ дурсан санаж “Танхим дуу Амарлингуй гэгээн сод Хуванхэу” хэмээн нэхэмжлэн өргөмжилжээ.
Эх сурвалж: Адил-Од блог