Морь хэмээх тэнгэрлэг амьтныг монголчууд дээдэлсээр ирсэн төдийгүй бидний түүх ч энэ амьтантай салшгүй холбоотой. Тэгвэл морин жил түүхэнд ямар байдлаар үлдсэнийг уншигч танд сонирхуулья. Энэхүү он дарааллаас харахад морин жилд түүхэнд тодорсон их хүмүүс, нэрт эрдэмтэн мэргэд олноороо төрж байсан нь ажиглагдаж байна.
• 1138 оны шар морин жилд монголчууд Алтан улсын довтолгооныг амжилттай няцаав.
• 1150 оны цагаан морин жилд Хабул хамаг Монголын хаан болов.
• 1162 оны хар морин жилд Тэмүжин (Чингис хаан) төрөв.
• 1186 оны улаан морин жилд Өгэдэй хаан төрөв.
• 1210 оны цагаан морин жилд Алтан улсын хаан Чингис хаанд элч илгээж алба барихыг шаардав.
• 1234 оны хөх морин жилд Монголын цэрэг Алтан улсыг байлдан эзлэв.
• 1246 оны гал морин жилд Өгэдэйн хүү Гүюг их хаанд өргөмжлөгдөв. Европын лам Плано Карпини Монголд ирэв.
• 1258 оны шар морин жилд Монголын цэрэг Багдадыг эзлэв.
• 1282 оны хар морин жилд монгол уйгар үсгээр бичсэн нэвтэрхий толь бичгийг Бээжинд хэвлэн тараажээ. Ираны Монгол хаан Абага 49 настайдаа нас барав.
• 1294 оны хөх морин жилд Хубилай хаан 79 настайдаа нас барав.
• 1318 оны шар морин жилд түүхч Рашид Ад-дин 71 настайдаа нас барав.
• 1330 оны цагаан морин жилд Төгстөмөр хаан сууринд суув.
• 1378 оны шар морин жилд Төгстөмөр хаан Монголын хаан болов.
• 1414 оны хөх морин жилд Ойрдын Махамуд, Зүүн монголын Аругтай нар байлдав.
• 1558 оны шар морин жилд Түмэн засагт хаан сууринд суув.
• 1570 оны цагаан морин жилд Түмэдийн Алтан хаан Мин улстай гэрээ байгуулав.
• 1582 оны хар морин жилд Гүүш хаан Төрбайх төрөв.
• 1654 оны хөх морин жилд нас барав.
• 1594 оны хөх морин жилд Түшээт хан Гомбодорж төрөв.
• 1606 оны гал морин жилд Хатаны голд Майдарын сүмийг байгуулав.
• 1618 оны шар морин жилд Оросод Монголын элч очив. Халхын Цогт тайжийн захиалгаар Хөх хотын гүүш цорж “Мялын намтар” зохиолыг орчуулав.
• 1642 оны хар морин жилд 1-р Зая бандид Лувсанпэрэнлэй төрөв. 1-р жанжаа Агваанчойндон төрөөд 1714 оны хөх морин жилд нас барав. Ойрдын Гүүш хаан Төвдийг эзлэв.
• 1714 оны хөх морин жилд Гүүш цоржийн орчуулсан “Үлгэрийн далай” хэвлэгдэв.
• 1762 оны хар морин жилд Ховд хотыг Буянт голын хөвөөнд шилжүүлэн байгуулав.
• 1786 оны улаан морин жилд хоёрдугаар жанжаа хутагт Ролбийдорж 70 настайдаа нас нөгцөв.
• 1810 оны цагаан морин жилд Цахар гэвш Лувсанчүлтэм 70 настайдаа нас барав.
• 1822 оны хар морин жилд Буриадын нэрт монголч эрдэмтэн Дорж Банзаров, Г.Гомбоев хоёр төржээ.
• 1834 оны хөх морин жилд Их хүрээнд монгол маягийн Майдарын сүм байгуулав.
• 1846 оны улаан морин жилд ерөөлч Гэлэгбалсан төрөв. Халхын Балдан цорж “Онолуудын тайлбар” хэмээх гүн ухааны зохиолыг бичив.
• 1858 оны шар морин жилд эрдэмтэн Г.Гомбоев “Алтан товч”-ийг орос орчуулгын хамт хэвлэв. Феодалыг эсэргүүцсэн Ордосын дугуйлангууд үүсэв.
• 1870 оны цагаан морин жилд Их хүрээнд Манжийн ноёрхлыг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн гарав. Манлай баатар Дамдинсүрэн, Чин ван Ханддорж нар төрөв. Мөн В.И.Ленин төрсөн байна.
• 1906 оны улаан морин жилд их зохиолч Д.Нацагдорж төрөв. Их хүрээнд хятадын худалдаачид, мөнгө хүүлэгчдийг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн гарав. Хятадын иргэдийг Монголд нүүлгэх товчоо Бээжинд байгуулагдав.
• 1918 оны шар морин жилийн есдүгээр сард Хятадын түрэмгий цэрэг Монголыг эзэлж авав.
• 1930 оны цагаан морин жилийн хоёрдугаар сард МАХН-ын VIII Их хурал хуралдав. Арванхоёрдугаар сард Санхүүгийн сургууль нээгдэв.
• 1942 оны хар морин жилийн аравдугаар сард МУИС нээгдэв. Монгол улс Нийтийн он тооллыг хэрэглэх болов.
• 1954 оны хөх морин жилийн арваннэгдүгээр сарын 19-24-нд МАХН-ын ХII Их хурал хуралдав.
• 1966 оны улаан морин жилийн зургадугаар сарын 7-11-нд МАХН-ын ХV Их хурал хуралдаж, МАХН-ын шинэ программыг батлав.
• 1990 оны цагаан морин жил ардчилал ялав.
Төгсбуянт, шар зурхайн Цагаан сар дөрвөн жилд нэг удаа давхцдаг. Тэр нь энэ жил
Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.НАМСРАЙТАЙ ирж буй модон морин жилийн өнгийг ярилцлаа.
-Хүмүүс тэнгэрлиг, хийморлиг морин жил ирж байна гэж бэлгэдэж байх шиг байна. Энэ жилийн модон морин жилийн өнгө ямар байна гэж үзэж байна вэ?
-Модон морин жилийн өнгө их тодорхой. Улс төрийн талаасаа асар их хавчлага, эсэргүүцэл, хориг саадтай. Гэхдээ намууд энэ жил л юу хийхээ харуулж чадахгүй бол өөр боломж бага даа. Хэрвээ 2014, 2015 оныг зохих ёсоор нь ашиглахгүй бол аль ч нам унах ажил үйлээ хийчихлээ гэсэн үг. Байгаль цаг уурын талаас төгсбуянт, төвд зурхайчид бол “Өвгөдөд ээлтэй, хүүхдэд талтай, залуучуудад хийморьтой” гэдэг ч юм уу, жилийн жилд нэг ижил юм хэлдэг. Уг нь бол өдөр өдрөөр нь, өдрийнх нь өнгө төрхийг 20-30 төрлөөр гаргаж ирж болдог. Календарь хийж байгаагийн утга учир нь санхүүгийн тайлан гаргаж байгаатай адил. Хүний хувь заяа амьсгалаараа тоологдож байдаг. Бид тоотой хугацаанд амьдарна. Энэ хооронд аль насандаа, ямар явах ерөнхий өнгийг Чингис хааны он тооллын шар зурхай тодорхой гаргаж өгдөг. Хамгийн гол нь орчин үеийн шинжлэх ухааны үндэстэйгээр. Учир нь энэ зурхайн тооцоо НАССА-гийн тооцоотой, өрнө дорнийн бүх зурхайтай адилхан цаг улирлын бичиг гэж ойлгож болно.
-Жилийнхээ өнгө тухайн жилийн амьтантай хэр холбоотой байдаг вэ. Жишээ нь морь хийморлог амьтан учраас энэ жил эрч хүчтэй байна гэдэг ч юм уу?
-Энэ жил бол ялгуулсан хөх, эр морин жил гэж байгаа юм. Нэрээс нь л харахад та зөв хөдөлж л чадах юм бол ялахын үүтгэл байгаа шүү гэсэн санаа. Ялангуяа монголчууд мориороо гайхуулж, дэлхийн дэвжээнд гарч ирсэн гайхамшигтай суу билигтэй ард түмэн. Монголчууд мориороо дэлхийн шуудан холбооны суурийг тавьж өртөө байгуулсан. Эзэн Чингис хааны үеэс Монголын хууль гурав хоног гэдэг үг гарсан байдаг. Энэ үг хэрхэн үүссэн бэ гэхээр хаан их орд хас их төрөөс гарсан зарлиг тушаал нь эзэнт гүрний бүх нутагт гурван хоногийн дотор хэрэгжиж эхэлдэг байсан байна. Гэтэл үүнийг өнөөдөр бүр 180 хэм эргүүлж ярьдаг болсон. Энэ мэтчилэн хуучны мэргэн үг яриаг утгаас нь тэс өөрөөр хэрэглэх болжээ.
-Энэ жил Хятадын Цагаан сартай нэг өдөр болно гэсэн үү?
-Ер нь Хятадын Цагаан сар гэж түүхэнд байдаггүй юм. Би бүр архивын болон бусад материал, археологийн болон гадаадын тулхтай эрдэмтдийн судалгаанаас харахад Монголын цагаан сар гэж байхаас биш Хятадынх гэж байдаггүй. Түвдүүд хүртэл хорда гэдгээ Монголын цагаан сар юм шүү гэж өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Харин Төгсбуянт зурхайг зөвтгөх зорилгоор Чингисийн бүтээсэн агуу соёлыг өөр хүмүүс өмчлөх гэж шар зурхайг Хятадын зурхай, хятадын цагаан сар гэж яриад байгаа юм. 25 жилийн турш шар зурхайг хятадынх гэж гутаан доромжилсоор ирсэн. Удахгүй “Өвөг дээдсийн өв их соёл их Монголын шар зурхайг өнөөдөр та бүхэндээ хүргэх гэж” нэртэй ном хийж байгаа. Үүгээр шар зурхай Монголынх юм шүү гэдгийг батлана.
-Шар зурхайг тээж ирсэн хүмүүс хэр олон хүн байдаг юм бэ?
-Шар зурхайн уламжлал бүр хадны сүг зургаас эхэлсэн байдаг. Энэ бол элэнц хуланц элэн галвын үеээс монголчууд шар зурхайн үндсийг бий болгосон гэхэд болно. Би юм болгоныг монгол, юм болгоныг чингис гэж туйлшрах дургүй. Хүн төрөлхтний цус холилдсон хүн байдаггүй гэдэг шиг хүн төрөлхтөний соёл холилдоогүй эрдэм ухаан гэж байхгүй гэж боддог. Тиймээс холилдсон зүйл дотроос хамгийн түрүүнд ялгаж авах нь Цагаан сар. Цагаан сар бол 15-30 мянган жилийн түүхтэй юм билээ. Хүннү гүрний үеэс бүр боловсронгуй болсон. Цаг тоолол нь ч боловсронгуй болсон байдаг. Дөрвөн улиралдаа тохирсон, дөрвөн тахилга хийж эхэлсэнийг Хубилай хаан хуульчлаад өгсөн байдаг. Энэ мэтээр агуу их шарласан шастир түүхийн хуудсанд баримтууд байж байна.
-Энэ удаа бол шар зурхай, төгсбуянтын зурхай хоёр таарч, нэг өдөр шинэчлэх юм байна?
-Нэгдүгээр сарын 30-нд битүүлээд, 31-ндээ Цагаан сараа нэг өдөр хийнэ. Төгсбуянт, Шар зурхайн Цагаан сар дөрвөн жилд нэг давхцдаг. Дараа жил бас нэг нийлэх байх. Түүний дараагаас нэг өдөр, нэг сараар зөрөхөөр дахиад л нөгөө Цагаан сарын маргаан үргэлжилдэг. Үүнийг уг нь мэдэж ядах юмгүй. Гараад харахад 15-ний сар нь байж байхад зурлага нь таарч байгаа зурхайг л дагах ёстой. Би нэг хэсэг шар зурхайг хамгаалаад ширүүн үзсэн шүү дээ. Тэгээд нэг мэдэхэд, Арго шиг, Нагаанбуу шиг болчих гээд больсон. Үзэн хэлбэл билиг, олон хэлбэл улиг гэдэг юм. Одоо бол зориод ирсэн хүмүүст хэлчихээд л сууж байна.
Саяхан л гэхэд нэгдүгээр сарын 2-нд шинийн 1 гэж төгсбуянт зурхайд байгаа юм. Тэгтэл үүнийг харсан хөдөөний хүн над руу утасдаад “Шинийн 2-ний сар гарч байна шүү дээ. Шар зурхай таарч байна” гэж ярьсан. Тэгэхээр нь би “Та нар ард түмэндээ хэлээч. Хөдөө хөхөрч, гадаа гандаж, сар нараа харж мэддэг та нар хэлээч. Би 25 жил хангалттай ярьсан. Тэр 11,11 рүү утастаад, Н.Алтанхуяг руу нь хэл. Ерөнхийлөгчийгөө гараад сар руу хар” гэж хэлсэн.
-Шар зурхайг хэдийнээс дагахаа больсон юм бол?
-1252 он хүртэл хэрэглэж байсан юм билээ. Тэгэхдээ Богд хаан шар зурхай, төгсбуянт зурхайг харьцуулан хэрэглэсүгэй гэж зарлиг буулгасан байдаг. 1911 оны архивын нэгэн баримт дээр л гэхэд Орос, Хятадтай хийх худалдааны гэрээг шар зурхайгаар өдөр цагийг нь зааж өгсөн байдаг. Энэ мэтээр төрийн хэргийг шар зурхайн дагуу хийсэн баримтууд Үндэсний архивын газарт олон бий.
Д.ПҮРЭВСҮРЭН