Монголоор нэг байртай болохыг хүссэн иргэд. Өөрөөр хэлбэл манай улсад орон сууцны эрэлт хэрэгцээ нийлүүлэлтээсээ хэд дахин өсчээ.
Ийм ч учраас орон сууцны үнэ зоргоороо өсч байгаа талаар эдийн засагчид хэлдэг. Үүнийг зохицуулах нь төрийн үүрэг.
Шинэчлэлийн Засгийн газар, Монголбанктай хамтран ипотекийн зээлийг иргэддээ олгохоор болсон. Энэхүү зээлийн хэрэгжих журам хоёр сар хүлээлгэсний эцэст хоёр долоо хоногийн өмнө Засгийн газраас батлагдсан. Гэвч тэрхүү журам нь орон сууц худалдан авах хүсэлтэй иргэд яг таг зээлээ хөөцөлдөөд авчих журам биш аж.
Тодруулбал Засгийн газраас ерөнхий журам гаргачихаад тэр талаараа өнгөрсөн долоо хоногт салбар яамнаас сонин хэвлэлээр дамжуулан тал талаас нь багагүй тайлбар хийсэн. Тиймээс нарийвчилсан журам хэзээ гарах талаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Монголбанкнаас тодруулахад энэ долоо хоногт гарна гэж байв.
Засгийн газрын тэргүүн ч энэ долоо хоногийн лхагва гарагаас хэтрэхгүй гэдгийг хөдөө орон нутагт ажиллах үеэрээ мэдэгдэж байсан. Тиймээс иргэдийг бага хүүтэй зээлээр орон сууцжуулах ипотекийн зээл жинхэнэ хэрэгжих журам энэ долоо хоногт гарч орон сууцны урьдчилгаа төлбөрөө бэлтгэчихсэн иргэдийг гийгүүлэх нь.
Гэхдээ одоо бидний гар дээр байгаа “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий нөхцөлийг тогтоох журам”-д нэг ойлгомжгүй зүйл байгаа юм. Тодруулбал журмын 2.4-т “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээ орон сууцны үнийн дүнгийн 10-30 хүртэлх хувь байна.
Монголбанкнаас тогтоосон урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээнээс бага хэмжээний урьдчилгаа төлбөр төлөх зорилтот бүлэгт үзүүлэх хөнгөлөлтийн үйл ажиллагааг Засгийн газар тусгайлан тодорхойлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна” гэж заасан байгаа.
Банкны шалгуураар урьдчилгааг 30 хувиас буулгахгүй нь тодорхой. Урьдчилгааг бага хувиар төлбөл иргэдэд сайнаар тусна. Гэтэл арилжааны банкуудад энэ нь эсрэг нөлөө үзүүлдэг. Онолын хувьд тайлбарлавал зээлийн урьдчилгаа гэдэг нь банкуудын эрсдэлийг бууруулах түлхүүр.
Өөрөөр хэлбэл 10 хувийн урьдчилгааг төлөөд байр авлаа гэхэд зээлдэгч цаашид зээлээ төлөөд явах чадвар нь тийм ч хангалттай биш байгаагийн илрэл. Ипотекийн зээлийн ерөнхий журамд зааснаар иргэд аав, ээжийнхээ ч юм уу үл хөдлөх хөрөнгийг урьдчилгаанд барьцаалаад байраа авч болно гээд заасан. Гэвч энэ нь арилжааны банкинд учрах эрсдэлийг бууруулах ч харамсалтай нь ийм төрлийн урьдчилгааг нэлээд ядуу барьцаа гэж болохоор байна.
Тодруулбал урьдчилгаагаа төлөхөд мөнгө байхгүй байгаа хүмүүс цаашид зээлээ яаж төлөх вэ гэх асуудал тулгарч байна.
Энэхүү асуудлаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “10 хувь гэдэг дээр Засгийн газар бодлогын баримт бичиг гаргана. Өнөөдөр 30 хувиа төлөөд орох залуу гэр бүл хэд байгаа билээ. Гэр бүлийн хоёр зэрэг ажиллаж байгаа ч 30 хувийн урьдчилгаа өгч чадахгүй нь олон бий.
Тиймээс бид 10 хувийг тухайн гэр бүлээс гаргаад, банкны тавьж байгаа шалгуурт хүргэж, урьдчилгааг 30 болгохын тулд “Орон сууц хөгжүүлэх сан”-гаас дэмжлэг үзүүлэх асуудлыг ярилцаж байна.
Үндсэндээ Засгийн газар залуу гэр бүлээ орон сууцтай болгоход илүү анхаарах юм. Гэхдээ энэ асуудлыг бид янз бүрийн хэлбэрээр ярьж байгаа. Зөвхөн урьдчилгааны асуудлаар дэмжлэг үзүүлээд зогсохгүй түрээсийн болон амины орон сууц зэрэг үе шаттайгаар хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж байгаа. Залуу гэр бүл орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрөө хуримтлуултал түрээсийн орон сууцанд амьдарч байх юм” гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа.
Орон сууцны урьдчилгаагаа төлөх чадваргүй залуу гэр бүлээ төрөөс дэмжих нь буруу зүйл биш. Гэхдээ сайдын ярианаас залуу гэр бүлийг дэмжинэ гэснээс өөр тодорхой зүйл харагдахгүй байна.
Тэгэхээр хэнд яаж дэмжлэг үзүүлэх вэ гэдэг нь тодорхой биш бол ипотекийн зээл хэрэгжихийн даваан дээр “бантан” болж мэдэх юм.
Эх сурвалж: