Монгол бөхийн өргөө урлагийнхны бизнес хийдэг соёлын ордон болчихсон

“Дөрвөлжин Содбилэг” ТББ-аас Үндэсний их баяр наадмын хуулийн талаар болон Үндэсний бөхийн холбоо, дархан аваргуудыг Авлигатай тэмцэх газарт шалгуулах болсон талаар мэдээлэл хийлээ.  Тус байгууллага нь авлигын хэрэгт холбоотой гэх Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн Дархан аваргыг АТГ-т шалгуулахаар, өчигдөр нэрсийг нь тодорхой баримтын хамт өгчээ.  Ямар шалтгааны улмаас аваргуудыг ийн АТГ-т шалгуулах болсон тухайгаа тус ТББ-ын тэргүүн Я.Эрдэнэбилэг тайлбарлахдаа “Сүүлийн дөрөв таван жилд улсын баяр наадмын үзүүр түрүүг хэдхэн хөгшин аваргууд, тэдний харъяаны хүмүүс авч байна. 60 гарсан хөгшин бөхчүүд идэр залуусыг гурав, дөрвийн даваанд өвдөг сөхрүүлж хаячихаад, тавын даваанд хэдхэн секунтын дотор уначихдаг. Тэгсэн атлаа тэгш жилийн наадмын долоогийн даваанд айхтар дээшээ гараад ирдэг нь ямар учиртай юм. Энэ бүхний цаана авлига, хээл хахууль явагдаж байгаа юм. Төр засгаас өгөх ёстой цол, шагнал урамшууллыг нь өгөөд байхад шунал нь ханахгүй авлига аваад явж байдаг. Наадмаар давсан бөхчүүдэд том том машин, байр сав өгдөг. Тэдний цаана авлига авсан хүмүүс түүнээс ч их эд хөрөнгө, машин унаа зүгээр аваад сууж байгаа. Бид эдгээр дархан аваргуудын нэрийг АТГ-т шилжүүлэхдээ өөрсдийн нарийн судалгаа шинжилгээний үндсэн дээр, тодорхой нотлох баримтын хамт өгсөн.” хэмээв. Мөн сүүлийн жилүүдэд улсын баяр наадам ийн будлиантах болсны нэг шалтгаан нь  наадмын тухай хууль заалт, Нутгийн зөвлөл, Яам, Тамгын газруудтай холбоотой гээд баяр наадмын шинэ хуулийг боловсруулж, дээш өргөн барих хэрэгтэйг онцолсон юм. Тэд баяр наадмын тухай хуулийг Монгол Улсын үндсэн хуулийн гол агуулга болох хүний эрхийг дээдэлсэн, хүн бүрт тэгш шудрага үйлчилдэг заалтын дагуу нутаг орон, үндэс угсаа зэргээр нь ялгаварлан гадуурхалгүй өгөх ёстой цолыг нь өгдөг болгож өөрчлөхийн төлөө тууштай арга хэмжээ явуулна гэв. Энэ нь хэлмэгдсэн, өөд болсон, цолоор хохирсон бөхчүүдэд ч хамаарах аж. Одоогийн байдлаар авлигын золиос болж хохирсон П.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг, И.Доржсамбуу, Ш.Батхуяг, Б.Гантогтох тэргүүтэй 11 залуу бөхчүүд байгаа гэдгийг Я.Эрдэнэбилэг гуай хэлж байсан юм. Мөн Монгол бөхийн өргөө нь цагаан сарын барилдаан болон хааяа нэг болдог барилдаанаар л бөхөө барилдуулчихаад бусад үед урлагийнхны бизнес хийдэг соёлын ордон болчихсон. Энэ мэтчилэн орд өргөөнөөсөө авахуулаад Монгол бөх, баяр наадам маань авлигад идэгдэж байна хэмээн “Дөрвөлжин Содбилэг” төрийн бус байгууллагаас мэдээлэв.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …