Түүнийг хэн нэгэн албан тушаалтанд их хэмжээний авлига өгсөн байж болзошгүй гэж сэжиглэж байгаа Монголын толгой бизнесменүүд ээлж дараалан АТГ-ын овоо хараанд өртөж цагдан хоригдож шалгагдах болсон билээ. Тэдгээрийн нэг нь монголчууд бидний төдийлөн сайн мэддэггүй нэгэн эрхэм болох “ТЭНГРИ” холдингийн Ерөнхийлөгч Х.Анхбаяр юм. Тэрбээр өдгөө цагдан хорих 461 дүгээр ангид бүтэн долоон сар саатуулагдан хоригдож байна.Түүнийг өнгөрсөн оны долоодугаар сарын 1-нд ХБНГУ-аас нутагтаа ирээд тав хонож байхад нь АТГ-ынхан нэгэн кофе шопоос баривчилсан байдаг. Бүтэн долоон сар өнгөрөөд байхад түүнийг чухам ямар хэргээр баривчилсан нь бас л нууц.
Гэхдээ бидний олж мэдсэнээр түүнийг хэн нэгэн албан тушаалтанд их хэмжээний авлига өгсөн байж болзошгүй гэж хардаж байгаа гэх юм билээ. Тэгвэл зөвхөн бизнеснийхний хүрээнийхэндээ танигдсан Х.Анхбаяр гэгч хэн бэ. Тэрбээр өдгөө 42 настай ХБНГУ-д 20 гаруй жил амьдарсан. Ингэхдээ тус улсын үл хөдлөх хөрөнгө борлуулалтын компанид ажиллаж байсан гэдгийг түүний ойрын хүрээнийхэн нь хэлж байсан юм. Мөн түүний “ТЭНГРИ” холдинг нь өдгөө Монгол Улсад эдийн засгийн тулгуур гол салбарууд болох уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, зочид буудал, барилга, үл хөдлөх хөрөнгийн газар, банк санхүү гэх зэрэг салбаруудад бизнесийн үйл ажиллагаагаа нэн хурдтайгаар эрчимжүүлэн хөгжүүлж байгаа юм билээ.
Тэрбээр компанийнхаа 500.000 ширхэг хувьцааг эзэмшдэг бөгөөд компани нь 100 хувь түүний мэдлийнх гэсэн үг.Тухайлбал тус холдинг нь 2011 оноос эхлэн Дэлхийн нэр хүнд бүхий “First Reserve Corporation”,” Connect Resource Services” компаниудтай уул уурхайн салбарт стратегийн түншлэлийн гэрээ байгуулж амжилттай хамтран ажиллаж байгааг нь дурьдах нь зүйтэй байх. Дээрх хоёр нэр бүхий компани нь Монголын компанид хөрөнгө оруулж байгаа нь анхны тохиолдол юм билээ. Түүний “Эдэлвайс” зочид буудал нь нь Улаанбаатар хотын төвд байрладаг сүүлийн үеийн загварлаг цөөн газруудын нэг гэдгээрээ алдартай. Мөн “Монголиан Петролеум Корпорэйшн” нь тус холдингийн охин компани бөгөөд газрын тос болон байгалийн хийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Тэрбээр барилгын салбарт хүч үзэхийн тулд “Нью Жуулчин Констракшн” компанийг үүсгэн байгуулж 300 айлын орон сууцыг барьж дуусгасан. Улмаар 2008 онд Монгол улсын Засгийн газраас зарласан 40. 000 айлын орон сууц, 2010 онд 100.000 айлын орон сууц хөтөлбөр зэрэгт амжилттай оролцсон байдаг. Түүнчлэн түүний “Ричфлюорит” ХХК нь жонш болон кварцийн эрэл хайгуул, ашиглалт, үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан охин компани бөгөөд Монгол Улсын жоншны томоохон сав бүхий бүс нутгуудад ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд эзэмшин үйл ажиллагаа явуулж байна. Тоочоод байвал их цаг гарздах түүний хувь нэмэр нь салбар бүрт байдгаараа олон хүнийг ажлын байртай болгож тэдэнд амьдралын баталгаа болох эх үүсвэрийг бий болгдогоор их л онцлог аж. Тиймээс Х.Анхбаярыг мэдэх зарим нэг бизнесменүүд “Яав ч хий гаргаж бусдад ашиглуулах хүн биш дээ.
Олон жил гадаадад амьдарсан хүн учраас бизнес сэтгэлгээ нь асар их хөгжсөн мундаг залуу. Тиймдээ ч өнөөдөр хэний ч хийж чадаагүй дэлхийн том мундаг компаниудаас өөрийн компанидаа хөрөнгө оруулалт хийлгэж чадсан нь түүнийг хэн бэ гэдгийг хэлээд өгөхөөс гадна жинхэнэ мужик зантай эр хүн гэж хэлэх хүн ч олон байгаа” гэж байсан юм. Ингээд энэ бүхнээс харахад монголд төдийгүй гадны улс оронд боловсрол эзэмшиж хэн хүний хүсээд олдоггүй ийм том группыг өдий хүртэл чадварлаг удирдаж ирсэн энэ залууг ямар хэргээр АТГ-т шалгах болов гэдэг нь сонирхолтойн дээр араасаа олон хардлага дагуулж байна. Хэрвээ үнэхээр дээр дурьдсанчлан Х.Анхбаяр хэн нэгэн албан тушаалтанд их хэмжээний авлига өгсөн нь үнэн бол тэр нь хэн бэ гэдэг нь ч бас л сонин байгаа юм.Бид түүнтэй холбоотой мэдээллийг цаг алдалгүй үнэн зөвөөр хүргэх болно.
Үргэлжлэл бий…