Замын-Үүд дэх Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан 2013 оны аравдугаар сард Газрын тосны газар болон БНХАУ-ын “Петрочайна интернэшнл” компанитай хэлэлцээр хийж Монгол Улсад нийлүүлж буй шатахууны хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.
Өмнөд хилээр импортлох бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор дээрх байгууламжийн шатахуун хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлж нэг зэрэг 8 вагонцистерн хүлээн авдаг болж, агуулахын багтаамжийг 3.3 дахин нэмэгдүүлж багтаамжийг 20.000 м3 болгосон. Ингэснээр тус ШТШАБ-аар дамжуулан сард 40 мянган тонн буюу Монгол Улсын шатахууны хэрэглээний 50–иас доошгүй хувийг импортлох боломжтой болж байгаа аж. Уг байгууламжийг 2014 оны эхний хагас жилд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.