Улсын 16 байцаагчийг ажилгүй болгосон нь өдгөө улсын дугаарыг шинэчлэх гэж улайран зүтгэж байгаа эрх мэдэлтнүүдийн хийсэн ажил гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Улсын 16 байцаагчийг хууль бусаар нэг жил гаруй цалинжуулжээ.
Зам тээврийн яамныхан 16 хүний амьдралыг орвонгоор нь эргүүлжээ. Гэхдээ энэ үйлдлийг Зам тээврийн яамны нэгэн эрх мэдэл бүхий албан тушаалтан хийсэн байна.
Тодруулбал тус яам Авто тээврийн 16 улсын байцаагчийг ажилд томилсон тушаалгүйгээр нэг жил зургаан сар орчим цалин өгч тэднийг хаа хамаагүй газар гэрээт ажилчнаар ажиллуулж байснаа өнөөдөр гудамжинд лааз өшиглүүлэхэд хүргэжээ.
Зам тээврийн яам хяналт шалгалтаа умартаж улсын дугаар руу бүх анхаарлаа хандуулжээ
Дээрх нэр бүхий 16 улсын байцаагч яагаад чухам өнөөдөр ийнхүү гудамжинд гарч хэнд ч хэрэггүй хүмүүс болцгоов гэдэг нь өөрийн эрхгүй анхаарал татаж байгаа юм. 2012 онд Авто тээврийн газар татан буугдсанаар тус агентлагт ажиллаж байсан авто тээврийн хяналтын улсын байцаагчид Зам тээврийн яаманд шилжиж иржээ. Ингээд 2012 оны есдүгээр сараас тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батзаяагийн тушаалаар хяналтыг хамтран хэрэгжүүлэхээр “Авто тээврийн үндэсний төв”-д гэрээ байгуулан байцаагчдыг шилжүүлэн ажилуулсан нь өнөөдөр ийм байдалд хүргэсэн гэж ойлгож болно. Товчхондоо Төрийн нарийн бичгийн даргын гаргасан энэхүү тушаал шийдвэр нь төрийн нэрийн өмнөөс хяналт хэрэгжүүлж буй байцаагчид улсын төсөвт үйлдвэрийн газарт харьяалагдан ажиллаж байгаа нь Авто тээврийн тухай хуулийн 20.6 дахь заалтыг маш ноцтойгоор зөрчсөн байгаа юм.
Бүр тодруулбал уг хуулийн заалтад “Төрийн захиргааны төв байгууллагууд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн үйл ажиллагааны онцлогийг харгалзан тэдгээрт авто тээврийн хяналтын улсын байцаагчийг ажиллуулж болно” гэж заасан байдаг бөгөөд энэ заалтыг зөрчсөн байгаа юм. Уг нь хуульд зааснаар бол дээрх 16 байцаагч Хяналтын улсын байцаагчийн газар буюу яамны харьяанд ажиллах ёстой байсан гэсэн үг. Гэтэл тэдний хийх ёстой ажлыг Зам тээврийн яам булаан авснаас болж Төрийн нэрийн өмнөөс хяналт тавьж ажиллах тангараг өргөсөн төрийн албан хаагчид өөрсдөд нь оногдох ёстой байсан үр дүнгийн гэрээ болон бусад бүхий л тэтгэмжээ эдэлж чадахгүйд хүрсэн байна.
Маш энгийнээр тайлбарлахад амьдрал дээр бүртгэл хяналт хоёр нэг дор байж болохгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хүртэл хэлж байна. Зүй нь бол Зам тээврийн яам дээрх байцаагч нарын хийсэн бүртгэлийг хянаж шалгах ёстой байтал бүртгэлийн “бизнес” гээчийг нь ийнхүү булаан авах болсон нь араасаа маш олон сөрөг асуудлыг дагуулсан гэсэн үг.
Ажилд томилоогүй мөртлөө цалин олгох нь хууль бус үйлдэл биш гэж үү
Тухайлбал тэд өнөөдөр хууль бусаар нэг жил гаруйн хугацаанд цалинтай ажилласан хэдий ч өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын цалингаа авч чадаагүйн улмаас тэдний нийгмийн даатгал ч төлөгдөөгүй байна. Аргаа барсан хүмүүс нийгмийн даатгалаа тасалдуулахгүйн тулд “бид хувиараа мөнгөө төлье” гэхэд нь нийгмийн даатгаалын байцаагчид “эхлээд ажлаас халагдсан тушаалаа авч ир” гэсэн байдаг. Мөн тэд ажилтайгаа үлдэхийн тулд “Цалингүй ч байсан хамаагүй бид ажиллая. Хуваарь хийгээд өгчих” гэж хэдэн дарга нарынхаа үүдийг сахиж өдөр хоногийг өнгөрөөх болсон байна.
Хамгийн инээдтэй нь дээрх 16 байцаагч Авто тээврийн үндэсний төвөөр дамжуулан нэг жил орчим хугацаанд цалин авсан байдаг. Уг нь тэд тус газраас цалин авах биш энэ дотор ажиллаж байгаа хүмүүсийг шалгах ёстой субьект нь байсанд хамаг учир оршиж байгаа бөгөөд дээрх нэр бүхий хүмүүс яамны албан тушаалтны их хэмжээний мөнгөний урсгалыг хаах гээд байгаа учраас тэднийг ингэж золигт гаргаж байгааг гэдгийг эх сурвалжуул хэлж байв.
Мөн ажил олгоогүй мөртлөө дээрх байцаагчдын улсад оруулсан торгуулийн төлбөр болох 460 орчим сая төгрөг хуульд нийцсэн үйлдэл болох уу гэдэг нь анхаарал татаж байна. Товчхондоо байцаагчид ажилд томилсон тушаалгүй мөртлөө аж ахуйн нэгж болон хувь хүмүүсээс торгууль авсан гэсэн үг.
Мөн ажилд томилогдсон тушаал шийдвэр нь гараагүй байхад яагаад тэдний улсын байцаагчийн эрхийг нь сунгав гэдэг нь ч бас л сонин. Эдгээр үйлдлүүдийг төрийн байгууллагын ажил хэрхэн ямар сэжмээр явдгийн нотолгоо ч гэж хэлж болох юм.
Сайдаасаа илүү эрх ямбатан тус газарт байна
Энд бас нэгэн сонирхолтой баримтыг дурьдахад хуучин Авто тээврийн газар 40 гаруй сая төгрөгөөр улсын дугаарын бүртгэлийн программыг шинэчилсэн байдаг. Ингэхдээ одоо Зам тээврийн яаманд нэлээн эрх дархтай албан тушаал хашиж буй нэгэн эрхмээс шахаагаар авсан гэдэг. Гэтэл өөрийнхөө шахсан программыг “маш муу болж” гээд А.Гансүх сайдаар мөнгө батлуулж төсөвт оруулсан байх юм. Энэ мэтчилэн бүхэл бүтэн яам сайдынхаа гарт биш түүний нэг албатаас болж ийнхүү уруудан доройтож байна гэж үзэж ч болох юм. Хэдийгээр энэ хэргийг дээрх байцаагчид олон нийтэд ил болгохгүй бид ажилтай болох хэрэгтэй гэж үзэж байгаа ч энэ хууль бус үйлдлийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт өөрсдийн учир зовлонгоо тоочсон хүсэлт хүртэл хүргүүлсэн байдаг юм. Тэгэхээр энэ тухай асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллага нь шалгаж ажил олгоогүй мөртлөө татвар төлөгчдийн мөнгөөр тэднийг цалинжуулах нь зөв үү, мөн улсын байцаагчийн эрхийг нь сунгах зөв үү гэдгийг ч шалгаж тогтоох хэрэгтай байх. Энэ бүхний цаана хэн нэгний халаас руу их хэмжээний мөнгө орж байгаа тухай яамныхан шивэр авир хийдэг нь ч өдгөө нууц биш юм.
Бид дараагийн дугаартаа Зам тээврийн яаманд сайдаасаа илүү эрх ямба эдэлж буй нэгэн эрхмийн тухай, мөн улсын дугаарыг хэн гэгч этгээд шинэчлэхээр ханцуй шамлан улайрч байгаа, түүнчлэн дээрх 16 байцаагчийн эрхийг нэр бүхий этгээд хэрхэн хөндөж өөрт ашигтайгаар ажиллаж байгааг тодорхой баримттайгаар дэлгэх болно.
Үргэлжлэл бий…