Аливааг урьдчилан таамаглан “зөгнөж” хэлсэн тохиолдлууд нь хүн төрөлхтний сонирхлыг татахын сацуу тэр хэрээрээ айдас төрүүлсэн далд ертөнц байдаг.
Та бүхэнд дэлхийд аль хэдийнэ танигдсан Ванга ба Нострадамус тэргүүтэй зөнчдийн болон огт танихгүй гайхамшигтай чадвартай бусад зөнчдийн зарим “сонирхолтой” зөгнөлүүдээс сонирхуулж байна.
Элойс Ирлмайер (1894 – 1959)
Элойс бол Германы зөнч бөгөөд өөрийнхөө үхлийг зөгнөсөн тэрээр 1959.07 сард нас баржээ. Олныг цочирдуулсан олон зөгнөлийг зөгнөсөн нь, Дэлхийн III дайн тун удахгүй ирэх бөгөөд дайныг Ойрхи Дорнодоос эхэлнэ гэж үзэж байлаа. Анхлан харснаар эл дайныг Герман улс эхлүүлнэ гэж мэдэрсэн тэрээр энэхүү зөгнөлөөсөө болж багагүй хугацаанд шүүх цагдаагаар явж байсан гэдэг.
Хамгийн аймшигтай зүйлсийг харж мэдэрсэн түүний зөгнөлүүдийг сийрүүлбэл, эх дэлхийд минь урьд өмнө гарч байгаагүй хүчтэй газар хөдлөлт болох бөгөөд үүний уршгаар Английн өмнөд хэсэг бүхэлдээ усанд автаж далайн олон орон, арлууд үгүй болно. Итали улс галд автаж, ОХУ-д иргэний дайн ба хувьсгал гарна. Дэлхийн улс орнуудыг бүхэлд нь доргиосон энэ мэтчилэн аймшигт олон явдлын дараагаар энх тунх амьдрал үргэлжилнэ гэжээ.
Гэгээн Хилдегард (1098 – 1179)
Хилдегард бол XII зууны үеийн Ромын хөгжмийн зохиолч, философич гээд тал бүрийн мэдлэгтэй гайхамшигтай гэлэнмаа байжээ. Түүний дэлхийн сонгодог хөгжим болон уран зохиолын салбарт гаргасан амжилтуудыг мэдэхээс ирээдүйг харж мэдэрдэг зөн совингийн талаар хүмүүс бараг дуулаагүй гэнэ.
Түүний зөгнөснөөр, Герман улс хоёр хуваагдаж, Христийн шашиныг үл хүндэтгэгчид олноор төрөх тэр цагт дэлхийг хөнөөх уршигт дайн дажин олон гарах болно. Эх дэлхийд газар хөдлөлт болж далайн эргийн олон оронд нөхөж баршгүй гарз тохиох бөгөөд Умардаас чиглэн ирэх ширүүн салхинд юу ч үлдэхгүй гэнэ. Дэлхийг чиглэн ирэх сүүлт одын нөлөөгөөр олон оронд үер болж, их өлсгөлөн болно. Франц улс эрх мэдлээ эргэн олж тэмцсэнээр Европт амар амгалан ирэх ба энхийн энэ л цагт зэр зэвсэг тээвэрлэхийг хатуу хориглож, үржил шимтэй болсон газар тариалан өгөөмөр хишгээ түгээх ажээ.
Баба Ванга (1911 – 1996)
Болгарийн зөнч Вангагийн тухай олон сонирхолтой мэдээллийг та бид хэвлэл мэдээллээр авч байсан билээ. Түүний зөгнөлүүдээс товч хүргэвэл, 2023 онд дэлхийн тойрог замд өөрчлөлт орох ба 2221 онд харь гарагийн хачин жигтэй амьтадтай хүн төрөлхтөн санаанд оромгүй холбоог тогтоож 100 жилийн дараа гэхэд хүн төрөлхтөн харийнхантай мөр зэрэгцэн амьдрах ажээ. Түүнчлэн 5079 онд дэлхийн төгсгөл ирэх ба 2014 – 2016 онд хүн төрөлхтөн арьсны хорт хавдраар өвчилж “химийн дайн” дэгдэх болно гэжээ.
Урсула Сөтэйл (1488 – 1561)
“Mother Shipton” хэмээн олноо танигдсан энэ хүн бол Английн үзмэрч, зөнч нэгэн юм. Түүний зөгнөлүүд 1641 онд нийтэд дэлгэгдсэн ба түүний зөгнөлүүдийн тухай олон маргаан өрнөсөн байдаг гэнэ. Түүний зөгнөснөөр, Дэлхий дахинд гай зовлон нүүрлэх цаг айсуй. Европт гэр бүл салалтын түвшин хэрээс хэтрэхийн зэрэгцээ АНУ-д үр хөндөлт газар авна. Хэвлэх үйлдвэр нээгдсэнээр түүний эл зөгнөлүүд ном товхимол болон хэвлэгдэж, олон хүн зөгнөлүүдийг нь уншина гэж бичжээ.
Эдгээрээс гадна улс төрчдийн худал амлалтууд гаарахын сацуу улс үндэстэн хооронд дайн дажин дэгдэж, татвар нэмэгдэх болно. Дэлхийг чиглэн ирэх жижиг гараг, солирын нөлөөгөөр хүчтэй давалгаа үүсгэснээр галт уул дэлбэрч, газар хөдлөлт болно. Хүн төрөлхтөн бүхэлдээ мөхлийн ирмэгт ирэх тэр цагт газар дэлхийг үхсэн хүн ба мал амьтдын сэг зэм бүрхэх болно гэжээ.
Фатимагийн “3” нууц
Энэ бол ертөнцийн төгсгөлийг таамагласан гурван цуврал зөгнөл бөгөөд үүнийг Христийн эх Гэгээн Мэригийн сүнсний зөгнөл гэж үздэг. Тэрээр үүнийгээ Португалийн малчин Лүсия Сантос ба түүний үеэлүүд Жасинта, Фрэнсиско Марто нараар дамжуулан илгээсэн ба энэ бүхэн 1917.05.13-наас эхтэй юм байна. Энэхүү гурван нууц зөгнөл нь Тамын тухай, Дэлхийн I ба II дайн, Ромын пап Жон Полыг (II) хөнөөх захиалгат аллагын тухай байжээ. Энэ бүхний эцэст хүн төрөлхтөн их хямралын зааг дээр байгааг болон дэлхий сөнөхөд тун ойртсон болохыг тус тус анхааруулжээ.
Нострадамус (1503 – 1566)
Дэлхий дахинаа алдартай Францын зөнч, эмч Мишель Нострадамус бол өөрийн цаг үеэс хол түрүүлсэн гайхамшигтай суутнуудын нэг билээ. Түүний зөгнөлүүдээс олонх нь биелэлээ олсон бөгөөд сийрүүлбэл, Нагасаки ба Хирошима хотод хаясан атомын бөмбөгдөлтийн улмаас их өлсгөлөн болж олон хүний амь нас үрэгдэж, итгэл найдварын төлөө мөнхийн “Бурхан” нулимс унагах болно гэдгээс эхлээд Жон Кэннедигийн үхлийн захиалгат аллага, “The Challenger” хөлгийн сүйрэл, гүнж Дианагийн үхэл, 2001.09.11-ний “террорист” халдлагын тухай гээд түүхэн бодит олон үйл явдлыг зөгнөсөн билээ.
Гэгээн Нилусын зөгнөл
Туркийн хувраг байсан түүнийг “Saint Nilus the Elder” гэж нэрийддэг байсан ба V зууны үед амьдарч байсан хүн юм байна. Түүнийг XX зууны үеийн олон үйл явдлыг зөгнөсөн гэж үздэг ба хамгийн сонирхолтой нь, XX зууны дунд үе гэхэд эх дэлхий маань огт танихгүй ертөнц болж хувирах болно. Хүмүүсийн оюун санаа нь хүсэл шуналдаа дийлдэхийн цагт хүн хүнээ хүндлэх ёсон, хуулийг дээдлэх ёсон үгүйрэх болно. Эр эм нь мэдэгдэхгүй хүмүүсийн хувцаслалт, үс засалт ялгагдахгүй болж худал хуурмаг, сувдаг сэтгэлтэн олширно зэрэг ажээ.
Митар Тарабич (1829 – 1899)
Сербийн Кремна тосгоноос гаралтай шашины зүтгэлтэн байсан тэрээр ирээдүйг зөгнөх чадвартай нэгэн бөгөөд энэ тухайгаа мөргөлчиддөө ярьдаг байжээ. Түүнийг Серби орон болон Дэлхийн II дайны тухай ихийг зөгнөсөн гэдгээр нь мэддэг байна. Түүнчлэн зурагт ба компьютер, интернэтийн хөгжлийг урьдчилан таамагласан байдаг ба хүн төрөлхтний түүхэн дэх дэлхийн III дайныг 2050 – 2100 онд болно гэж үзжээ.
Роберт Никсон (1467)
XV зууны үед Английн Чешайэрт тариаланч хийдэг байсан Робертыг хүмүүс мэдрэлийн гажигтай гэж үздэг байсан ба тэрээр үг дуу цөөтэй нэгэн байжээ. Никсон ирээдүйг зөгнөх хосгүй чадвартай хүн байсан бөгөөд заримаас сийрүүлбэл, Роберт Никсон нь дуу хураагуур, чийдэнг зохион бүтээхийг зөгнөсөн ба хүн төрөлхтөн саран дээр хөл тавих болон пуужингаар аялах болно гэдгийг мэдэж байжээ. Мөн тэрээр тамхины олон төрөл зүйлийг таамагласан нь “Хүн төрөлхтөн зүйл бүрийн урт янданг амандаа зуух болно” гэж илэрхийлсэн гэнэ.
Рэгнарэкийн зөгнөл
Энэ бол Норвегичуудын дунд тархсан эртний зөгнөлт бүтээл бөгөөд энд бичигдсэн бүхэн түүхийн явцад бодит амьдрал дээр биелэлээ олсон гэж үздэг. Энд “Бурхад” хоорондын дайн болоод хүн төрөлхтөн ба эх дэлхийн тэмцлийн тухай өгүүлдэг байна. Үүнд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, үер эсвэл ган зуд зэрэг байгалийн аюултай үзэгдлүүдийг дурьдагдсан байх агаад энэ бүхнээс хүн төрөлхтнийг аварч эргээд шинэ ертөнцийг бий болгох ухамсарт хөмүн олон байг хэмээн ерөөжээ.