Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө цогтой тэмцэгч хэмээн өөртөө болон өрөөлд итгүүлж чадсан нэгэн “сайн эр” байх. Түүнийг ШӨХТГ-ын дарга О.Магнай гэнэ.
Ажилтай ажилгүй, аминдаа арчаатай арчаагүй олон хүн зах зээлд амьдрах гэж, амь зуух гэж, болдог болдоггүйг нь ч үл мэдэн хийх, хийхгүй түмэн зүйлд гар бие оролцож, оролдож ирсэн он жилүүд ард өнгөрч байна.
Алдсан оносон энэ бүхэн бол зөвхөн Та бидний амьдрал. Энэ бүхнийг танин мэдэж ойлгуулахад ШӨХТГ тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Үнэн, хэн ч маргахгүй.
Анх энэ байгууллагыг өнөө хэл ам татлаад байдаг “сайн эр”-ийг ажилтай болгохын тулд төрөөс түүнд зориулж тусгайлан байгуулж өгсөн гэж ярьдаг, бичдэг байсныг тод санаж байна.
Гэхдээ үүнд ард түмэн огт атаархаагүй. Харин ч төрүүлсэн хүүгээ төр ямар сайн таньдаг юм бэ хэмээн баярлаж байлаа. Үр дүн нь ч гарч эхэлсэн. Зарим нэг шударга бус ААН, хувь хүмүүсийн хуурамч багийг хуулж, хууль дүрэм бусдад нэгэн адил үйлчлэх ёстойг сануулж байлаа. Гэхдээ зарим нэг тохиолдолд хэт улайрч иргэд болон ААН байгууллагын хоорондын хувийн асуудалд хошуу дүрж хутгалдах янз илэрч байлаа. Гэхдээ дажгүй. Болж байна. Үүнийхээ учир шалтгааныг тайлбарлаж л байсан. Иргэд ойлгоно.
Харин сүүлийн үед О.Магнай энэ ажлаа эгүүлэн өгч, улс төрд ханцуй шамлан орох гэж байгаа тухай олон түмний мэдээллийн хэрэгслээр жиг жуг гэцгээх боллоо. Үнэн үү. Уг нь ч сайн муу хэлүүлдэг боловч ийм асуудалд манай сэтгүүлчид барин тавин худал хэлнэ гэж байдаггүйсэн.
Өнөөдөр манай иргэдийн ухамсар, улс төрийн соёл боловсрол өмнөх жилүүдийг бодвол эрс дээшилсэн гэдгийг та анзаарахгүй л байх шиг байна. Байгаа энэ хэдэн улс төрчдийн маань нүүр царай, мэдлэг боловсрол, чадал чансааг яая гэж байхад ахиад дээрээс нь Та нэмэгдэхийн хэрэг байна уу.
Уучлаарай, таны хүсэл, шуналын цаад зорилгыг тааж мэдэхгүй. Гэхдээ Таны тэр сайн чанарыг хүндэтгэж явдгийн хувьд зөвлөхөд, урваж шарвах энэ улс төрд Таны араншин тохирохгүй.
Баабарын хэлдгээр хүн гээч амьтан чаддаг, мэддэг зүйлээрээ оролдвол “ТЭНЭГ” хэмээн хэнд ч дуудуулахгүй шүү дээ.
Г.Чугаа
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл