Засгийн газрын хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ойг ирэх онд тэмдэглэх, Монгол Улсаас 8 улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжих, Япон улстай “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний зэрэгцээ
– Баяр ёслолын үеэр төсвийн хөрөнгө хэмнэх талаар төрийн болон төсвийн байгууллагуудад Засгийн газраас тодорхой чиглэл өгсний дүнд сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчид хувийнхаа зардлаар шинэ жилийн баяраа тэмдэглэдэг болсон. Энэ онд ч мөн шинэ жилийн баяраар төсвийн мөнгөөр ил захидал хэвлүүлэх, бэлэг солилцох, урлагийн тоглолт зохион байгуулах, өндөр үнэтэй эд зүйлсээр сугалаат тоглоом явуулах, согтууруулах ундаа худалдан авахаас татгалзахыг төсвийн ерөнхийлөн захирагчдад үүрэг болголоо.
– Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасны дагуу 2015 оны 1 дүгээр сарын 2-ны баасан гарагийн ажлын өдрийг 1 дүгээр сарын 10-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр тогтлоо.
– Яам агентлагууд, Улаанбаатарт байршин ажилладаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00, ажил дуусах цагийг 17.00, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цагийг 08.00, их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 09.00 байхаар Засгийн газар 2012 онд тогтоосон. Төрийн бүх байгууллагын ажил ижил цагт цуглах, тарахaд замын хөдөлгөөний түгжрэл удаан хугацаагаар үүсч байгаа тул нийслэл дэх төр захиргааны болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, тарах цагт уян хатан зохицуулалт хийх эрх олгох хүсэлтийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ерөнхий сайдад ирүүлсэн юм. Энэ талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд, нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрхийг нийслэлийн Засаг даргад шилжүүллээ. Ингэхдээ замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, байгууллагуудын байршил, ажиллагсад болон суралцагчдын тоо зэргийг судлан үзэж байхыг даалгалаа.
– “Богдхан төмөр зам” болон “Улаанбаатар холимог тээврийн логистик төв” төслийн хэрэгжилтийн талаар Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Төв аймгийн Батсүмбэр сумын Рашаант өртөөнөөс Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор дайруулан Мааньт өртөөтэй холбох шинэ төмөр замын суурь бүтэц болох Богдхан төмөр замыг барих нь зүйтэй гэж үзэн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, чигийн зураг төслийг боловсруулаад байгаа юм. Энэ зам ашиглалтад орсноор транзит болон бусад ачаа тээврийг шинээр баригдах төмөр замаар явуулж, хот доторх төмөр замыг нийтийн зорчигч тээвэрт ашиглана. Улаанбаатар ложистикийн төв нь шинэ нисэх буудлын баруун урд байрлах 400 га газарт баригдах бөгөөд шинэ нисэх буудал-нийслэлийн шинээр баригдах хурдны авто замтай холбогдоно.
– Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Монгол Улсад эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гадаадын иргэдийн асуудлын тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан уг асуудлыг судлан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авч, явц, үр дүнг тухай бүр Засгийн газарт танилцуулж байх, мөн гадаадын хөрөнгө оруулагчдад зөв мэдээлэл өгөхийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт даалгалаа.
– Улаанбаатар хотноо 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулагдсан Монгол-Францын Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны ажлын хэсгийн II хуралдааны дүнгийн талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр зохион байгуулсан энэ хуралдааны үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааны асуудлаар санал солилцохын сацуу хоёр талын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар тодорхой санал солилцжээ.
– Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт Захирлуудын зөвлөлийн шинэчлэлтэй холбогдуулан оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хөгжиж буй орнуудын төлөөлөл, дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор ОУВС засаглал, квотын багц шинэчлэл эхлүүлээд байгаа юм. Шинэчлэлийн үр дүнд Монгол Улс шийдвэр гаргах явцад оролцоогоо илүү нэмэгдүүлэх боломжтой болно. Манай улс 1991 онд ОУВС-гийн ерөнхий хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч, нэгдэн оржээ.
– Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-д “4.1.54. Даатгалын өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын 24-ний өдөр” гэсэн заалт нэмлээ. Ингэснээр Монголын санхүүгийн салбарын бие даасан нэгж болон хөгжиж буй арилжааны даатгалын салбарынхан албан ёсны тэмдэглэлт өдөртэй болж байна.
– Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд Засгийн газраас дэвшүүлэн томилогдсон зарим гишүүний бүрэн эрх дуусгавар болж байгаатай холбогдуулан тус зөвлөлийн гишүүнд Зургаанжингийн Энхболд, Баастын Золбаяр нарыг шинээр нэр дэвшүүлэхийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны хурлын шийдвэрээр З.Энхболдыг, Эх хэлний боловсролыг дэмжих “Үлэмж эгшиглэн сан’’-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр Б.Золбаярыг тус тус дэвшүүлэхээр ирүүлсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.