МАН-ын Шинэчлэлийн хорооноос дараах нэр бүхий хүмүүсийг “МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИД”-аар нэрлэж байна.
Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг:
- Түүний толгойлсон Засгийн газрын тооцоо, судалгаагүй, үндэслэлгүй хөтөлбөр, алдаатай бодлогын улмаас Монгол Улс их хэмжээний өрөнд орж, эдийн засгийн хямралт байдал бий болох нөхцөл бүрдэж, 2011 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг 2015 онд ДНБ-ний 58,3 хувьтай тэнцэх хэмжээний өртэй болгож, төрийн төсвийг хямруулсан;
- Засгийн газраас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн 40 гаруй хувь нь урт хугацаанд үр ашгаа өгөх, дэд бүтцийн шинжтэй, удаан хугацаанд төлөгдөх, ашиг муутай, эдийн засгийн үр өгөөж багатай, оновчгүй төслүүд байж, бондын хөрөнгийг бодлоггүй зарцуулж, эдийн засгийн хямралын эхлэлийг тавьж, Монгол хүн бүрийг 10 сая төгрөгийн өрөнд оруулсан;
- Намчирхал, улс төржилтыг удирдлага болгож, төрийн албаны мэргэшсэн байдлыг алдагдуулж, халаа сэлгээг бүх түвшинд явуулснаар ажилгүйдлыг дэмжиж, ядуурлыг эдийн засгийн алдаатай бодлогоороо өөгшүүлж, үр дүнд нь иргэдийг ургамлын тосыг грамлаж, талхыг зүсмээр авч, байцааг таллаж, төмсийг ширхэгээр худалдан авах хэмжээнд хүргэсэн;
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Нямжавын Батбаяр:
- “Шинэчлэлийн” гэх Засгийн газрын бүтцэд Эдийн засгийн хөгжлийн нэртэй захиалгат яамыг бий болгож, түүнийг толгойлон “Чингис”, “Самурай” нэртэй богино хугацаатай, өндөр хүүтэй бонд буюу өрийн бичгийг ямар ч тооцоо судалгаа, эргэн төлөх ТЭЗҮндэслэлгүйгээр авч, төлөвлөлтгүйгээр зарцуулсан нь улс орныг их хэмжээний өрөнд оруулж, эдийн засгийн хямралт байдлыг бий болгож, төлбөрийн тэнцлийг бүрэн алдагдуулсан;
- Эцэг, өвгөдийн нэр, ирээдүй хойч үеэ барьцаалан босгосон бондын санхүүжилтийг үр ашиггүй, үндэслэл, тооцоо судалгаагүй, эргэн төлөгдөх боломжгүй төсөл, хөтөлбөрүүдэд зориулалтын бусаар, төсөвийн хуулиас гадуур, дур мэдэн, үр ашиггүй, хяналтгүй зарцуулж, төрийн төсвийг хямралд хүргэх алдаатай бодлого явуулсан;
- Төрийн яам, улсын эдийн засгийн бодлогыг хувийн компани, халаасны түрүүвч шигээ санаж, бодлогоор бус сэтгэл хөдлөл, зөн совингоор харалган хандаж, төр улсын үйл хэргийг хутган үймүүлснээр монгол хүн бүр өглөө сэрэхдээ өр нь нэмэгдэж, монгол хүүхэд бүхэн өлгийдөө өртэй мэндлэх эх үндсийг бий болгосон;
Сангийн сайд асан Чүлтэмийн Улаан:
- Монгол Улсын төсвийн тухай хуулийг удаа дараа зөрчиж, нэгдсэн төсвийн бодлогыг алдагдуулж, улсыг хоёр данс, төсөвтэй болгож, төсвийн зарцуулалтын хяналтын тогтолцоог хямруулж, хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлээгүй;
- Улсын өрийн талаарх мэдээлэл, түүний зарцуулалт, үр ашиг, тоо хэмжээ, хүү зээл, гарч болох сөрөг үр дагаваруудыг нуун дарагдуулж, ард түмнийг болон төрийн бүх шатны байгууллагыг төрөөрөгдөлд оруулсан, буруу, ташаа мэдээллийг нийтэд санаатайгаар зарласан, мэдээлсэн үйлдлийг гаргасан;
- Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг үнэн бодит мэдээллийг нуун далдалж, 2012, 2013, 2014 оны төсөвийн төслийг бодит биш тоо баримтад тулгуурлан боловсруулж, батлуулж, хэрэгжүүлсэн, улсийн төсөвийн бодлогийг бүрэн алдагдуулж, хуулийг ноцтой зөрчсөн үйлдлийг гаргасан;
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал:
- Мөнгөний бодлогийг алдагдуулж, валютийн ханшийн зохицуулалтыг удирдаж чадаагүй, монгол төгрөгийн худалдан авах чадварыг бууруулж, төгрөгийн ханшийн уналтыг үргэлжлүүлж, ханшийн эсрэг авах шийдвэртэй бодлого, хөтөлбөргүйгээр ажиллаж байгаа (Зөвхөн жишээ дурдахад, 2012 онд 1390 төгрөг байсан USD-ийн ханш өнөөдөр 1950 төгрөг даваад байна)
- Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлж, сонгон шалгаруулалтыг хууль бусаар, хяналтгүй явуулсан, үр дүнд хүргээгүй, хөтөлбөрийн хэрэгжилт, эрэлт, нийлүүлэлтийн харьцаа (баланс) алдагдуулж, төлбөрийн тэнцлийн хямралыг зориудаар бий болгосон;
- Бодлогогүйгээр бэлэн мөнгөний нийлүүлэлт хийж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэх суурь үндэслэлийг бий болгож, иргэдийн амьжиргааны чадавхид сөрөгөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн;
Монгол улсын эдийн засгийг хямралд хүргэж, иргэнээ ядууруулж, улсаа дампууралд түлхсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Сангийн сайд асан Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг УИХ-ын гишүүнээсээ, Монголбанкны ерөнхийлөгч Х.Золжаргалыг үүрэгт ажлаасаа сайн дураараа огцорч, улс төр-ёс зүйн хариуцлага хүлээхийг ШААРДАЖ энэхүү хэвлэлийн хурлыг зохион байгуулж байна.
Дээрх болон бусад нэр бүхий албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг УИХ дахь нам, эвслийн бүлгүүд, УИХ-ын гишүүдэд УРИАЛЖ байна.
Олуулаа болж байгаа ард түмнээ “Хүн шиг амьдруулаагүй”, өргөн уудам нутагтаа баялаг нөөцтэй эх орноо “Улс шиг хөгжүүлээгүй” дээрх нэр бүхий улс төр, төрийн өндөр албан тушаалтнууд тэдний хамсаатнуудтай хариуцлага тооцох хүртэл МАН-ын Шинэчлэлийн хорооноос 7 хоног бүр сануулан тэмцсээр байх болно.
МАН-ЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХОРОО