Монголын Оюун Ухааны Академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатарын дөрвөн настай охин Х.Ивээл ОХУ-ын Россия-1 сувгийн (“Amazing People”) буюу “Гайхалтай хүмүүс”шоу нэвтрүүлэгт уригдаж, тархины гайхамшгийг үзүүлэхээр болжээ.
Тодруулбал, ОХУ-ын Россия-1 сувгийн “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлгээс “Ивээлийн найзууд” цэцэрлэгийн оюун ухааны тамирчин дөрвөн настай Х. Ивээлд урилга ирүүлжээ. Ингэснээр Монголын Оюун Ухааны Академийн захирал, дасгалжуулагч Х. Хатанбаатар охиныхоо хамт ОХУ-ыг зорих аж.
Энэ талаар Монголын Оюун Ухааны Академиас “ Монголын Оюун Ухааны Академийн харьяа “ Ивээлийн найзууд” цэцэрлэгийн тамирчин дөрвөн настай Х.Ивээл маань 8 дугаар сарын 8-12 -ны хооронд ОХУ-ын Москва хотноо Россия-1 сувгийн “Удивительные люди” буюу “Amazing People” шоу нэвтрүүлэгт оролцож тархины гайхамшиг үзүүлэхээр уригдлаа” гэв.
Сонирхуулахад өнгөрсөн 2018 онд тус нэвтрүүлэгт Ой тогтоолтын дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер ихэр тамирчид Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцож 1200 ширхэг сарнайг 5 минутад тогтоон өнгө өнгөөр нь алдаагүй нэрлэж гайхшруулж байсан билээ.